Монголын жүдочид “World masters”-д багийн дүнгээрээ III жагслаа
Мэдээ мэдээлэл 4 жилийн өмнө     78    0
Морокко улсын Рабат хотноо дэлхийн жин, жингийн шилдэг 16 жүдочдын “World masters” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 23-24-нд боллоо. Жин жингийн шилдгүүд нэр заан уригддаг тус тэмцээнд 50 орны эрэгтэй 114, эмэгтэй 111, нийт 225 жүдоч зодоглов. Монголын багийн ахлагчаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Д.Нармандах, дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, нийт 14 тамирчин “World masters”-т зодоглосон юм. 26 орон ямар нэгэн медаль хүртсэнээс манай улс хоёр алт, хоёр хүрэл медаль, V байр 1, VII байрт 2 жүдоч орж, багийн дүнгээр Япон, ОХУ-ын ард гуравдугаар байрт бичигдлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, Д.Сумьяа алт, эрэгтэйчүүдийн 60 кг-д отгон дэлхийн аварга Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар хүрэл медаль хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр V, 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал нар VII байр эзлэв. Нийт 200,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээний жин бүрийн аварга олимпийн эрхийн 700 оноо, мөнгөн медаль 420 оноо, хүрэл медаль 280, шагналт V байр 140, VII байр 112 оноо тус тус авсан байна. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)