“Их Уул” төвийнхөн ийм ажил хийжээ
Хотын амьдрал 5 жилийн өмнө     23    0
Орхон аймагт “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд эко эргүүл хамгаалалтын ажил эрхэлдэг Ж.Дорж тэргүүнтэй “Их Уул” төв гэж нэгэн авсаархан байгууллага байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Нэг үгээр хэлбэл “Их -Уул” төвийн үндсэн ажил бол эзэнгүй хог хаягдалтай тэмцэх, байгаль орчныг хамгаалах, хулгайн мод тээвэрлэлтийг зогсооход ажил нь чиглэгджээ. Мөн ой цэвэр усны сав газрыг хамгаалах, хаврын улирал эхлэхтэй зэрэгцэх шахам гардаг ой хээрийн түймрээс сэргийлэх, гуу жалгын хог хаягдлыг цэвэрлүүлэх, холбогдох хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах гээд нэрлээд байвал олон  ажил энэ төвийн 12 хүний нуруун дээр буудаг ажээ. “Их-Уул” төвийн эко эргүүл хамгаалалтын байцаагч нарын  хувьд Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжийн дагуу тус сумын нутаг дэвсгэрийг хамруулан ажилладаг юм байна. Мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ. Саяхан бид Эрдэнэт хотоос гараад Жаргалант сум руу явж байх замд хог ачсан машины жолоочоор зам дээр асгарсан хогийг ачуулж байхтай нь таарч зарим мэдээллийг авсан юм. “Их-Уул” төвийнхөн үнэхээр их ажил хийжээ гэдгийг тэдэнтэй уулзах үедээ мэдэрч тэдний талаар эрх баригч дарга нарт үнэн бодит мэдээллийг хүргэх гэсэн юм. Энэ төвийнхөн дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд гэхэд 15 удаагийн эргүүл, шалгалтаар олон арван зөрчил дутагдал илрүүлсэн байна. Гол зорилго нь Эрдэнэт хотыг хоггүй цэвэр байлгах зорилготой ажилладаг Хот тохижуулах газрын хогны машины жолооч нар л гэхэд Хогийн төв цэг орох замдаа хогоо асгах, зориулалтын бус газарт хогоо асгах гээд олон зөрчил гаргадаг. Хот тохижуулах газартай холбоотой энэ төрлийн зөрчил өмнө нь ч хэд хэдэн удаа гарч аймгийн дарга нарын шуурхай хуралдаан дээр өндөр аван яригдаж байсан удаатай. Тэдний бас нэгэн ажил бол хулгайн мод тээвэрлэлттэй тэмцэх явдал юм. ОРО 93-30 улсын дугаартай “Портер” маркийн автомашинаар зөвшөөрөлгүй түлээний мод бэлтгэн оруулж ирсэнийг илрүүлэн Байгаль орчны газарт шилжүүлэн өгчээ. Мөн 83-52 улсын дугаартай автомашин голын эрэг дээр машинаа угааж байгаль орчныг бохирдуулж байсныг зогсоож “Ариун цэврийн тухай хууль”-ийн 52-ийн 5-д заасны дагуу арга хэмжээ авчээ. Мөн Баян-Өндөр уулын ар Хар модотын даваа, Говилын ар Далиу булгийн рашааны орчим, Шанд багийн нутаг дэвсгэрийн баруун хойд хэсэг, Дэнж, Эрдэнэ багийн урд хэсэг зэрэг газраар эргүүл шалгалт хийжээ. Далиу булгийн рашааны орчмын газар, Баянцагаан багийн урд хэсгийн эзэнгүй хог, Говил багийн хойд хэсэгт хаясан эзэнгүй хогийг цэвэрлүүлэн ачуулсан байх юм. Тэдний ажилд шөнө өдөр гэж бараг байдаггүй юм болов уу гэж ойлгож болохоор ч үзлэг шалгалт хийсэн байна. Энэ сарын 23-24-нд шилжих шөнө 01.00-02.00 цагийн орчимд 13 морин тэрэгчнийг саатуулжээ. Морин тэрэгчид сүүлийн үед байгаль орчныг хамгийн их сүйтгэгч болсон гэдгийг “Их-Уул” төвийн байцаагч нар хэлж байна. Морин тэрэгчид барилгын ажил эхэлдэг улирлын үеэр ойгоос хашааны шонгийн модыг их хэмжээгээр ямар ч зөвшөөрөлгүйгээр бэлтгэн зардаг аж. Үүний нэг жишээ нь  гэхэд дээрх шөнийн үйл явдал гэдгийг байцаагч нар хэллээ. Ийм л нэг бичил хамт олны нэг хэсэгтэй уулзаад хийсэн ажлыг нь уншигчиддаа хүргэж байна. “Их-Уул” төвийнхөнийг Орхон аймгийн Хууль зүйн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Баян-Өндөр сумын Засаг дарга, иргэд гээд олон хүн дэмжиж ажилладаг гэнэ. Нэг үгээр хэлбэл тус төвийнхөний хувьд хууль эрх зүйн талаасаа ажиллах орчин нөхцөл бүрдсэн хэдий ч эдийн засгийн хувьд хүнд байдаг тухайгаа дуулгав. Түүгээр ч үл барам зарим нэг дарга нар хийсэн ажлыг нь нэг ч удаа эргэж тойрч үзээгүй атлаа эдийн засгийн хямрал нэрээр энэ 12 хүнийг татан буулгана гэж томорсон сураг ч гарчээ. Гэтэл “Их-Уул” эко хамгаалалтын төвийн байцаагчид нэг хоногийн дотор нэг сая төгрөгийн мөнгөн торгуулийн орлого оруулсан баримт  байна. Эндээс харвал эко эргүүл хамгаалалтын энэ хэдэн байцаагчдыг эдийн засгийн  хувьд нь тэр дундаа тогтмол цалин мөнгөтэй болгох талаас нь харж аймгийн ИТХ, ЗДТГ-ын зүгээс дэмжээд өгвөл “Их-Уул” төвийнхөн үүнээс ч илүү ихийг хийх чадахаа нэгэнт харуулжээ гэх сэтгэгдэл төрсөн юм. Л.Гэрэл
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг