Хэвлэл мэдээллийн хөгжил нэг л биш ээ
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     71    0
М.Батчимэг тэргүүтэй хууль тогтоох байгууллагын төлөөлөл болсон гишүүд тун удахгүй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барих гэж байна. Уг нь энэ хуулийг Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьж УИХ-аар хэлэлцэж байсан ч өнгөрсөн оны тавдугаар сарын 3-нд буюу дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хууль санаачлагчийн зүгээс хуулийн төслөө эргүүлэн татсан билээ. Гэвч энэ хууль өнөөгийн Монголын сэтгүүл зүйд гэхээсээ илүүтэй нийгэмд  ус агаар шиг хэрэгцээтэй байгаа энэ үед дахин боловсруулж УИХ-д өргөн барихаар санаачлан ажиллаж байгаа М.Батчимэг гишүүнд сэтгүүлч хүнийхээ хувьд талархах хэрэгтэй. Тун энгийнээр хэлэхэд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэвлэл мэдээллийн эздийн УИХ-ын гишүүдэд хандан бичсэн захидлаас үүдэн эргүүлэн татсан. Түүнээс биш  сэтгүүлчийн мэргэжлийн хараат бус байдлыг хамгаалах, эх сурвалжаа нууцлах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулсаныхаа төлөө эрүүгийн хэрэг үүсгүүлэн шийтгүүлэхгүй байх зэрэг ажиллах нөхцөлийг баталгаажуулсан зөв хууль байсан гэж бидний хувьд боддог. Нөгөө талаар энэ хууль батлагдсанаар орон нутаг дахь хэвлэл мэдээллийн өрсөлдөөн, хэн дуртай мэргэжлийн бус нөхөр “Би телевиз байгууллаа” гэдэг  хийрхэл хэм хэмжээнд орох байлаа. Дуртай хүн телевиз, сонин, сайт байгуулж сэтгүүлч гэдэг мэргэжил, мэргэшлийн нэр хүндийг унагаж байгааг хараад сэтгүүл зүйн чиг хандлага, хэвлэл мэдээллийн байгууллагын ирээдүйн хөгжил орон нутагт тэр дундаа Орхон аймагт нэг л биш болжээ гэж бодогдох боллоо. Захын нэг иргэн “Хүлэг” зах дээр лангуу аваад талх зарж байгаа бол өөр хэрэг. Гэтэл мэдээллийн “талх”-ыг ингэж зармааргүй байна, зарим нэг хүн мэдэхгүй байж мэддэг болж хэвлэл, мэдээллийг бузарламааргүй санагдах юм. Одоогийн байдлаар Эрдэнэт хотод өдөр тутмын мэдээ мэдээлэл бэлтгэдэг зургаан телевиз, кабелийн тав, бизнесийн хоёр гээд гарын арван хуруунд багтахааргүй олон телевиз байна. Дээр нь манай аймаг дахь улс төрийн томоохон нам хүчний зарим нэг дарга нар хувьдаа телевизийн сувгийн зөвшөөрөлтэй болж байна. Дахин хоёр ч “танихгүй эрхэм” Эрдэнэтэд телевиз байгуулна гээд хотын гудамжаар түрээсийн байр судалсан шигээ явна. Эндээс харвал ямар ч байсан манай хотод 15-16 хүн хэвлэл, мэдээллийн байгууллагын, тэр дундаа телевизийн эзэн гээд алхаж байгаа энэ цагт Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль амьсгалах агаар мэт хэрэгтэй болжээ. Барагцаалбал, 15-16 телевизтэй болоход цаана нь 150-160 хүн ажил, орлоготой болж байхад гэж уншигч авхай та багцаалдах байх. Гэхдээ бодит байдал дээр тийм биш. Бааранд зөөгч хийж байсан, худалдааны төвийн лангуун дээр суудаг хүн сурвалжлагч хийж, камерын өмнө гарах болсон нь сэтгүүлч мэргэжлийн  нэр хүндийг унагаж эхэллээ. Нарийндаа бол сурвалжлагч, сэтгүүлч хоёр ч ялгаатай. Гэтэл өнөөгийн Эрдэнэтэд нүүрээ будаад үсээ индүүдээд л камерын өмнө микрофон бариад л гарвал тэр хүн өмнө нь ямар ч ажил хийж байсан хамаагүй телевизийн сурвалжлагч болоод л давхичихна. Гэтэл нягтлан бодох мэргэжлээр дөрвөн жил сураагүй хүн тэр ажлыг хийдэггүй. Сүүлдээ бүр телевизээр гардаг болохоор хүмүүс намайг таньдаг би бол “од”  гэж итгэчихээд хэвлэл, мэдээллийн байгууллагын нэр хүндийг барьж, төрийн алба болоод өөр томоохон цалинтай ажилд дэвших “гүүр” болгож буй нь харамсалтай. Нөгөө талд хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн болсон шинэ нөхөр ажилчдынхаа цалин хөлсийг цаг тухайд нь өгөх, нийгмийн даатгалыг нь төлөх тал дээр ажилчдаа хохироох байдал нэгэнт бий болсон. Олны танил “од” маань цалин цавуугүй нэг хоёр сар явна, тэгээд л дараагийн телевиз рүү гүйнэ. Дараагийн эзэн ч өмнөхөөс нэг их дээрдүүлэхгүй, гэхдээ бүх юм “Ок” гэж итгүүлнэ. Бүр зарим нэг нь энд тэндэхийн зургаан сарын сэтгүүлч мэргэшүүлэх дамжаа төгссөннөө их сургуулийг улаан дипломтой төгссөн мэт сэтгэнэ. Уг нь манайхан юмны голыг нь олоод шулуухан хэлчихдэг. “Номыг нь  сурахгүй ч  номхоныг нь сурах”-ыг эрхэмлэдэг ард түмэн. За, дээр нь бизнесийн байгууллагын зар, сурталчилгааны төлөө ёстой нэг уралдана. Нэг телевиз нь 200 мянган төгрөгөөр 10 хоног сурталчилгаа олж авбал дараагийнх нь орж ирээд “Би 100 мянгаар 20 хоног хийе” гээд л унаж өгнө дөө. Сүүлдээ бусдыгаа газар дор ортол муулна, нам эвсэл, шашин шүтлэг ч ярьж мэднэ. “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг шинэ эзэн өөрийгөө хэт дөвийлгөн “Тэр намын тийм том дарга танай телевизийг худалдаж авъя гэж үнэ хаяад байна” гэх ч юм уу аль эсвэл “Сонгуулийн үнэр орчихож. Нэр дэвших санаатай нэг хүн телевизэд чинь 100 саяын хөрөнгө оруулалт хийе гэлээ” гэж ирээд л томрох нь ердийн үзэгдэл. Ийм л нэг эрээгүй дүр зураг Эрдэнэт хотод газар авч сүүлдээ ч хүн бүр сэтгүүлч, камер мөрлөсөн бүхэн зураглаач болоод гарч өгдөг байдалд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хязгаар тавих юм байна. Тухайлбал, тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөрөнгө оруулагчид нь ил байх заалтыг хуульчилж байгаа аж. Хэний сонин, телевиз вэ гэдэг нь олон нийтэд ил байна гэдэг бол нийгмийн зүгээс тухайн хөрөнгө оруулагчдад тавих том хяналтыг бий болгож байгаа хэрэг.  Чөлөөт хэвлэл олон зуун жил хөгжсөн орнуудад Хэвлэлийн зөвлөл буюу консул гэж байдаг. Энэ хуулиндаа Хэвлэлийн зөвлөл байгуулах асуудлыг тусгах гэж байна. Манайд Хэвлэлийн зөвлөл байгуулах асуудал сүүлийн хэдэн жил яригдсан ч хэрэгжээгүй. Тиймээс хуулийн төсөлд Хэвлэлийн зөвлөл байгуулах асуудлыг тусгах нь зөв  гэж хууль санаачлагчдын зүгээс үзжээ. Хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал гэдэг. Төрөөс шууд хянахыг зөвшөөрдөггүй. Хэвлэлийн зөвлөлийн үндсэн үүрэг бол сэтгүүлчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, түүнтэй холбоотой гомдол маргааныг шийдвэрлэх,  Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах давхар үүрэгтэй. Тэр нь зөрчигдвөл төр, нийгэмтэй салбараа төлөөлж харилцдаг, ажилладаг, тэмцдэг байх.талаар хуульд суулгаж өгснийг санаачлагчдын зүгээс тайлбарлаж байгаа. Мэдээллийн ил тод байдал, ил тод байх гэсэн ойлголтыг ч гэсэн хууль санаачлагчдын зүгээс нарийн тусгаж байгаа бололтой. Сэтгүүлчийн хүссэн мэдээллийг өгөхгүй бол тухайн албан тушаалтанд ямар хариуцлага тооцох тухай, торгууль ногдуулахаас эхлээд ажлаас нь халах хүртэл арга хэмжээ багтсан гэнэ. Төрийн байгууллага руу очоод та энэ мэдээллийг өгөхгүй бол ийм хариуцлага хүлээх хуультай гэдгийг нь сануулах эрхтэй болох нь. Бидний өнөөдөр мөрдөж байгаа 1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль ердөө л тал хуудас цаас байдаг. Цаас талаасаа ч, цаасан дээрх хууль талаасаа ч тал хуудас гэсэн үг. Тэгвэл шинээр батлагдах Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдвал алганы хонхорт багтсан Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн байгууллага цэгцэндээ орж сэтгүүлч гэсэн мэргэжил сэглэгдэхгүй үлдэх нь. Ингэхгүй бол өнөөдрийн телевиз байгуулан тоглож байгаа “хөгжил” нэг л биш ээ. Уг нь хэвлэл мэдээллийн байгууллагыг үзэг барьсан, бичдэг, нийтэлдэг мэргэжлийн их, дээд сургууль төгсгөсөн хүн байгуулж, тэнд ажиллахыг удахгүй мэндлэх хууль цэгцлэх байх гэж найдаж суух л үлдэж байна. Н.Төр
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)