Зургаадугаар сарын 5-н гэхэд зургийг нь дуусгахаар ажиллаж байна
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     61    0
Нутгийн удирдлагын ордон буюу аймгийн захиргааны байрны ард балгас болсон нэгэн байгууламж бий. Анх байгуулагдсан жилдээ усан оргилууртай, хүүхэд шуугисан амралтын цэнгэлдэх хүрээлэн гэгдэж, зуны цагт хөл хөдөлгөөнтэй газар байлаа. Хот тохижуулах газар цэвэрлэгээ, үйлчилгээг нь хариуцдаг ч өнөөдөр архичдын орогнодог, хог новшиндоо дарагдсан хотын өнгө үзэмжийг гутаасан гамшигт газар руу охид, хүүхдээ зүглүүлэхээс ч эцэг эхчүүд эмээж байна. Хотын төвдөө ийм аймшигтай, эзэнгүй байгууламжтай орон нутаг манайхаас өөр байхгүй болов уу. Ийм байдалд оруулсан, бий болгосон эздүүд гэгддэг албан тушаалтнууд бидний дунд байгаа. Мөнгө, хөрөнгө хий дэмий үрсэн нь цагийн аясаар харагдаж байна. Тэгвэл дээрх эзэнгүй газар дээр дахин нэгэн томоохон байгууламж цогцлоон бүтээхээр аймгийн ИТХ, ЗДТГ-ын зүгээс санаачлага гаргажээ. Шинээр барихаар төлөвлөсөн байгууламж нь “Эрдэнэт” соёл амралтын цогцолбор хүрээлэн юм. Дээрх байгууламжийн зураг төсвийг гүйцэтгэж байгаа Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга С.Даваасүрэнгээс дараахь тодруулгыг авлаа. -Цогцолбор хүрээлэнгийн зураг төсвийн ажлын явц ямар шатандаа байна вэ? -Хуучин Хүүхэд залуучуудын парк гэж байгуулагдсан. Одоогоор хариуцсан тодорхой эзэнгүй газар. Аймгийн ИТХ-аас санаачлага гаргаж, энэ газар дээр “Эрдэнэт” соёл амралтын цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн учир манайх зураг төсвийг нь хийж эхлээд байна. Зураг төсөв нь хараахан дуусаагүй, эскизийн түвшинд гарсан байгаа. Ямархуу хэлбэр галбиртай байх юм гэж. Одоо зурагтаар анимешн маягийн юм явж байгаа. Мөн захиргааны байрны хоёрдугаар давхарт макет маягийн зүйл хийгээд тавьчихсан. Гол байгууламж нь хүрээлэнгийн дотор хэсгийн голд нь байх  юм. Тэр нь таван давхар байна. Дотроо музей байрлуулна. Тойроод гурван хот, аймгуудын түүхийн үнэт дурсгалыг харуулсан биетүүдийг байрлуулах юм. Уул, хөшөө зэрэг янз бүрийн хэлбэртэй байна.  Энэ байгууламжийнх нь зураг тавдугаар сард багтаад дуусчих болов уу. Мөнгө төгрөгийн асуудал нь яагаа ч үгүй байгаа. Иргэдийн хурлаар хэлэлцэгдэж байж, яригдаж байж шийдэгдэнэ. Бусад аймгуудын түүх дурсгалын үзмэр тавигдах учраас нутгийн зөвлөлийнхөнтэй ярилцах, иргэдээс санал авах зэрэг ажил хийнэ. -Урьдчилсан байдлаар энэхүү цогцолбор бүтээн байгуулалтыг барьж байгуулахад хэдий хэр хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай вэ? -Нэлээд том хэмжээний байгууламж учраас төдий хэмжээний гэж хэлэх боломжгүй. Өнөөдөр ямар технологиор байгууламжаа хийх гээд байгаа нь тодорхой бус байна. Зураг төсөв маань гарч ирээд, дараа нь төсөв тооцоогоо бодно. Тэндээс л багцаалсан тооцоо гарч ирнэ. -Энэ бүтээн байгуулалтыг ямар хугацаанд барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа вэ? -Зураг гарч ирэхээр зурган дээр бид тодорхой анализ хийнэ. Ямар материалаар, юугаар хийх вэ гэдгээ судална. Тэрхүү хийцээ ямар технологиор хийх вэ гэдгээ судална. Бидний мэддэгээр барилга байгууламж барьж байгаа шиг карказ босгоод бетон цутгаад явчихдаг бол нэг өөр. Байгалийн дурсгал, уул хад хийдэг гадаадын туршлагыг судлаж байна. Байгууламжийг барьж дуусгах хугацааг төдийд өдийд гэж товлоогүй. Санаа нь бол, энэ ондоо багтаачихвал болох юм гэж ярьж байгаа. -Уг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ажлын хэсгийг томилсон. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ямар албаны хүмүүс багтсан бэ? -Зураг төсөв дуусаад, аймгийн ИТХ-аар асуудлыг нь оруулахад Ашиглалтын өмнөх захиргаа байгуулах байх. Тэр томилогдсон байгууллага нь үндсэн ажлыг цаашид аваад явна. Одоо бол надаар ахлуулсан ажлын хэсэг байгаа. Манай ажлын хэсгийн үүрэг гэвэл зургийг нь гаргаж өгөх. Зургаадугаар сарын 5-н гэхэд зургийг нь дуусгахаар ажиллаж байна. Бидний ажил бол зураг гаргаж өгөөд дуусчихна. Б.Рэнцэнханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)