Оюутнууд ялалтын баярын буухиаг түүчээлэв
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     167    0
Аугаа эх орны их дайны түүхэн ялалтын 70 жилийн ой ирэх тавдугаар сарын 9-нд болно. Хүн төрөлхтний түүхэнд 70 гаруй сая хүний амь насыг авч одсон дэлхийн хоёрдугаар дайны ялалтын ойг Оросын ард түмэн дэлхий нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Энэ түүхт ойг тохиолдуулан Т.Намжил захиралтай МУИС-ийн харьяа Орхон их сургуулийн захиргаа, Гадаад хэлний тэнхимээс долоо хоногийн нэрэмжит ажлыг зохион байгуулжээ. Энэ удаагийн ажил нь түүхт ялалтын 70 жилийн ойтой холбоотой болсон юм. Нээлтийн арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа Ерөнхий консул Рыгзын Ракшаевич Ракшаев оролцлоо. “Орхон” их сургуулийн орос хэлний сургалттай ангийн оюутнууд ялалтын баярын холбогдолтой бяцхан концерт тоглож сонирхуулав. Ерөнхий консулын хамт “Орхон” их сургууль дээр зочилсон Орос 19 дүгээр сургуулийн удирдлагаас оюутнуудыг орос хэлний дадлагаа тус сургууль дээр хийхийг урьсан юм. Ерөнхий консул Р.Р.Ракшаев энэ үеэр хэлэхдээ “Хүн төрөлхтнийг хамарсан дэлхийн хоёрдугаар дайны хор уршиг өнөө хүртэл арилаагүй. Тэрхүү хар дайны хүнд бэрхийг нуруун дээрээ туулж давсан Оросын баатарлаг ард түмний баатарлаг ялалтыг Орхон их сургуулийн оюутнууд дурсан хүндэтгэж урлагийн тоглолт үзүүлсэнд үнэхээр их баярлалаа. Сэтгэл хөдлөхгүй байхын арга байсангүй. Тэгээд ч орос монгол ахан дүүс 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан түүхтэй. Энэ жил бид хамтдаа бас Чөлөөлөх дайны 70 жилийг ойг тэмдэглэнэ. Орос хэлийг мэргэжлээ болгон сонгож байгаа оюутнууддаа их баярлалаа, та бүхэнд түүхт ялалтын 70 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэсэн юм. “Орхон” их сургууль нь 1996-1997 оны хичээлийн жилээс эхлэн Гадаад хэлний тэнхимээ түшиглэн орос хэлний багш, орчуулагчийн анги нээн хичээллүүлэхийн зэрэгцээ оюутнууддаа оросын ард түмний соёл, зан заншил, ахуй амьдралын талаар илүү их мэдээлэл хүргэх үүднээс энэхүү нэрэмжит ажлыг 7 хоногийн турш явуулж байгаа аж. Ийнхүү “Орхон” их сургуулийн оюутнууд аугаа их ялалтын түүхт 70 жилийн ойн баярын буухиаг түүчээллээ.