91 сая төгрөгийн үнэтэй үхмэл хөрөнгийг актлахаар болов
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     178    0
Нутгийн удирдлагын ордны ард байх Хүүхэд залуучуудын парк нэртэй байгууламжийг эрх баригчид өнгөрсөн жилээс эхлэн өнгө төрхийг нь өөрчлөхөөр дуугарч эхэлсэн. Одоогоор аймгийн ИТХ-ын зүгээс дээрх газрыг “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа. Үүнийхээ хүрээнд Ашиглалтын өмнөх захиргааг байгуулан “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсвийг 60 гаруй сая төгрөгөөр хийлгэн хуучин газар дээр нь 2-3 тэрбум төгрөгөөр их бүтээн байгуулалт хийхээр болсон. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Хүүхэд залуучуудын паркын үхмэл хөрөнгийг актлан сэлбэн ашиглах зөвшөөрлийг аймгийн Засаг дарга, Өмчийн харилцааны газарт олгохоор болов. Хүүхэд залуучуудын парк нь 2005 онд байгуулагдсан бөгөөд тухайн үедээ 182 сая төгрөгийн үнэлгээтэйгээр төрд данслагдсан байна. Тодорхой хугацааны дараа дахин үнэлгээ хийж 91 сая төгрөгөөр үнэлсэн. Ашиглалтын хувьд “Эрдэнэт амьдрал” ХХК гэж байхад гэрээ байгуулан арчлалт хамгаалалт, ашиглалтыг нь хариуцаж байжээ. Дараа нь иргэн н.Отгонбаатартай ашиглалтын гэрээ байгуулан ажилласан боловч 2012 оноос хойш өнөөг хүртэл эзэнгүй байжээ. Тухайлбал, 2005 онд усан оргилуур байгуулан 24 сая төгрөгөөр үнэлж байсан бол өнөөдөр балансын үнэ нь 12 сая төгрөг болсон байна. 10 жилийн дотор үнэ нь 2 дахин буурчээ. Бодит байдал дээр Хүүхэд залуучуудын парк дотор байгаа  91 сая төгрөгийн хөрөнгөний ихэнх нь дахин ашиглах боломжгүй учраас Өмчийн харилцааны газраас ийнхүү акталж устгахаар санал оруулсан юм. ИТХ-ын зарим тэргүүлэгчдийн зүгээс дахин үнэлгээ хийж үхмэл хөрөнгийг өнөөгийн бодит үнэ ханш дээр тогтоох санал гаргаж байсан ч Өмчийн харилцааны газрын оруулж ирсэн саналын дагуу актлахаар тогтлоо. Одоогоос нэг жилийн өмнө аймгийн Засаг дарга асан К.Даулетьбай “Усан оргилуур бусад эд хогшлын зэсээр хийсэн бүтээгдэхүүнийг хэн хэн ямар аргаар үгүй хийснийг Захиргааныхан бүгд мэднэ дээ. Би нэрийг нь хэлсэн ч чадна, гэхдээ нарийн юмыг нь Г.Шархүү, Г.Зоригт хоёр хамгийн сайн мэднэ” гэж хэлж байсан. Үхмэл хөрөнгө үг хэлэхгүй, хариуцах эзэн, хамгаалах манаач үгүй тул энэ удаад тэргүүлэгчид оруулж ирсэн саналынх нь дагуу актлахаар гар өргөлөө. “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа шинээр барих 300 сая төгрөгийн төсөвтэй ажил энэ хавраас эхлээд байгаа юм. Эргэн тойрны 4 тал хашааг энэ удаад 300 сая төгрөгөөр сольж байгаа юм чинь дотор нь барих бүтээн байгуулалт 3 тэрбум төгрөгнөөс наашгүй хөрөнгө зарсан эл ажил балгас бололгүй сонгуулийн жилтэй золгоосой билээ гэж залбирах л үлдэж байна.