Миний үгийг тэр Засаг даргадаа заавал дамжуулаарай
Хотын амьдрал 6 жилийн өмнө     163    0
Энэ үгийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан дээр аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут хэлсэн юм. Аймгийн Өмчийн харилцааны газраас Тээвэр, авто замын газар татан буугдсан тул түүний харьяанд байсан ахмадын, сурагчийн нэртэй 7 автобусыг Баян-Өндөр суманд шилжүүлэх тухай асуудлыг хэлцүүлсэн. Тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэн “Автобуснуудыг Баян-Өндөр суманд шилжүүлнэ гэдэг оновчгүй шийдэл. Автобус гэдэг бол тээврийн хэрэгсэл. Хүн тээвэр, түүний аюулгүй байдлыг хангах асуудал гээд яривал оруулж ирж байгаа хувилбар, гаргалгаа чинь буруу байна. Тооцоо судалгаа алга. Яагаад заавал Баян-Өндөр сум руу шилжүүлэх болов. Ямар учраас” хэмээн асуухад Өмчийн харилцааны газрын тасгийн дарга н.Эрдэнэчимэг “Баян-Өндөр суманд хүүхдийн асуудал хариуцсэн нэг мэргэжилтэн ажилладаг. Тэрэнтэй уялдуулж тийш нь шилжүүлэх санал оруулж байна. Баян-Өндөрийн Засаг дарга ч автобус авах саналаа ирүүлсэн” гэлээ. Үүний хариуд Б.Мягмарсүрэн дарга “Ахмадын байгууллага ахмадын автобусаа авмаар байна, Хүүхдийн төлөө газрын .н.Хонгорзул дарга хүүхдийн автобусаа авмаар байна гэвэл та нар өгөх үү. Автобус гудамжинд эвдрээд зогсвол Баян-Өндөрийн хүүхдийн асуудал хариуцсан түшмэл очоод засах уу. Мэргэжлийн байгууллагад, инженер техникийн ажилтантай газар өгөх ёстой. Сайн судлаад дахин оруулах хэрэгтэй” гэсэн юм. Тэргүүлэгч Д.Батлут “Автобуснуудыг тал тал тийш нь тараах гэж байгаа юм шиг байна. Нийтийн тээвэртэй холбоотой зүйлийг мэргэжлийн байгууллагад нь хариуцуулах ёстой. Тэр үүднээсээ эдгээр автобуснуудыг Авто тээврийн үндэсний төв рүү шилжүүлж яагаад болохгүй гэж. Тээвэр авто замын газрын бүтэц, орон тоог тэр чигээр нь Авто тээврийн үндэсний төв рүү шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол байгаа. Яг үнэнийг хэлэхэд ажил хариуцаж байгаа хүмүүс улс төрийн өнцгөөс нь асуудалд хандаж байна. МАН-ын хувьд АН-тай хамтраад Зөвшилцлийн Засгийн газарт ажиллаж байгаа. Авто тээврийн салбарын сайдаар манай намын хүн ажиллаж байгаа. Гэтэл та бүхэн энэ өнцгөөс нь харж, улс төржсөн өнцгөөс асуудалд хандаж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Миний энэ үгийг тэр Засаг даргадаа заавал дамжуулаарай. Хүний амь нас, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг яагаад мэргэжлийн байгууллагаас нь зугатаалгаад хаа хамаагүй Баян-Өндөр сум рүү өгөх гээд зүтгээд байгаа юм бэ. Баян-Өндөр сум бол иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх үндсэн үүрэгтэй. Түүнээс биш автобус засварын газар биш. Хот тохижуулах газар бол хотын тохижилтын асуудлыг л хариуцдаг. Тиймээс олон таван зүйлгүйгээр автобусаа Авто тээврийн үндэсний төв рүү нь шилжүүлэх хэрэгтэй” гэсэн юм. Тэргүүлэгчдийн олонхийн саналаар ахмадын болон сурагчийн автобусыг Баян-Өндөр суманд биш Авто тээврийн үндэсний төвд шилжүүлэх боломж, хууль эрх зүйн талаас нь гаргалгаа хийгээд дахин оруулж ирэх үүрэг даалгаврыг Өмчийн харилцааны газарт өглөө.