Та битгий уурлаарай
Хотын амьдрал 6 жилийн өмнө     174    0
Ийм нэртэй нэгэн арга хэмжээг Хот тохижуулах газраас зохион байгуулах гэж байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан иргэд амьдарч байгаа орчин болон гудамж талбайд хог хаядаг улмаар автомашиныхаа цонхоор хүртэл идсэн хоол ундныхаа үлдэгдлийг шидэж байгаа тул иргэдийнхээ ухамсарт нөлөөлөхийн тулд ийм ажил хийх болсон ажээ. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед гудамжны буланд “морь харан” зогсож байгаа эр, татсан тамхины ишийг хогийн саванд биш гудамжинд хаясан нөхөр, савтай хогоо зориулалтын газарт биш наана нь хаясан бүсгүй, барилгын хог ачсан машин энд тэндхийн гуу жалганд хогоо асгаж байвал, машиныхаа цонхоор уусан ундааныхаа савыг хаясан хүүхдийн зураг, бичлэгийг Хот тохижуулах газарт өгвөл тэд байгууллагынхаа вэб хуудас болон цахим орчинд тавихаар болжээ. Шаардлага хангасан зарим бичлэгийн эзэн буюу уран бүтээлчдийг ч урамшуулах юм байна. Энэ нь иргэдийг зөв соёлтой боловсон бие хүн, хотдоо хайртай Эрдэнэтийн оршин суугч болоход ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж Хот тохижуулах газрын хамт олон үзжээ. “Та битгий уурлаарай” нэртэй ажилд хүүхэд багачуул, оюутан залуусыг идэвхтэй оролцохыг Хот тохижуулах газрын хамт олон уриалж байлаа. Хот тохижуулах газраас тодорхой хугацаанд “Би хотдоо хайртай” аяныг зарлан иргэдийнхээ дунд олон төрлийн ажил зохиосны дүнд гудамжны үйлчлэгчийн ажил ч тэр хэмжээгээр үнэлэгдэж, хүндлэгдэх болсон байна. Өнгөрөгч амралтын өдрийг аймгийн ЗДТГ-аас санаачлан Хот тохижуулах газартай хамтран “Их цэвэрлэгээний өдөр” болгон зохион байгуулсан. Энэхүү ажилд байгууллага хувь хүмүүс иргэд идэвхтэй оролцож хоёрхон өдрийн дотор 320 шоо метр хур хог цэвэрлэжээ. Хот тохижуулах газрын хувьд аймаг, орон нутгаас ихээхэн анхаарсны үр дүнд техник технологийн шинэчлэлийг хийж үүний үрээр хог ачилтын ажилд ахиц гарчээ. Өмнө нь гэр хорооллын айл өрхийн хогийг жилдээ 2 удаа л цагаан сар, улсын баярын өмнө ачдаг байсан бол одоо хоёр сард нэг удаа урин дулаан цагт сард нэг удаа ч ачих боломжтой болсноо тус байгууллагын удирдлага иргэддээ дуулгалаа.