Санхүүжих боломжгүй ажлуудыг танилцуулав
Хотын амьдрал 6 жилийн өмнө     165    0
Аймгийн нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх үеэр энэ онд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй бүтээн байгуулалт, засварын ажлыг жагсаалтаас хасах саналыг аймгийн Засаг даргын тамгын газраас гаргасанаа таницууллаа. Үүнд: эрдэнэтийн хүүхэд залуусын хүсэн хүлээж байсан кино театр, Хүүхдийн эмнэлгийн барилгын ажил зэрэг олон ажил багтсан байна. Энэ оны хувьд санхүүгийн хүндрэлээс шалтгаалж олон ажил, бүтээн байгуулалтыг аргагүйн эрхэнд хойшлуулах, царцаах шаардлага гарсан тухай аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат тайлбарлав. Хүүхдийн эмнэлэг шинээр барихад улсын төсөвт суугаагүй. Кино театрын барилгын гүйцэтгэл дээр менежментийг нь өөрчилж шийднэ, орон нутгаас хөрөнгө гаргах боломжгүй. Эрдэнэ багт баригдаж байгаа сургуулийг энэ жил дуусгах боломжгүй, үргэлжлүүлэн барихаар болсон байна. Орон сууцны дундах замын засвар, музейн барилгын дээврийн засвар, автомашины далд гараашийн байгууламж зэрэг өөр хэлбэрээр хөрөнгийг нь шийдэх боломжтой ганц нэг ажлуудаа эргэн харахыг тэргүүлэгчид анхааруулсан. Ялангуяа музейн дээврийг ямар нэг байдлаар хөрөнгийг нь шийдэж засахгүй бол үзмэрийн аюулгүй байдал алдагдана. Мөн Концессын гэрээгээр гүйцэтгэх томоохон ажил байгааг судлахыг Хотын захирагчийн албанд үүрэг болгосон. Ийнхүү ихэвчлэн аймаг, орон нутгаас хөрөнгө нь шийдэх засвар, шинэчлэлийн ажлуудыг аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөс хасах саналтай байгаагаа танилцууллаа.