Засаг даргын шуурхай дээр хэн юу хэлэв
Хотын амьдрал 6 жилийн өмнө     176    0
    Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн 14 хоногт нэг удаа хуралддаг. Шуурхай зөвлөгөөнөөр цаг үеийн тухай мэдээлэл хийж, аймаг орон нутгийн 14 хоногийн ажлын тухай ярилцаж хэвшсэн. Үүний дараа аймгийн Засаг даргын зүгээс албан байгууллагын дарга эрхлэгч нарт тодорхой үүрэг даалгавар өгдөг. Энэ сарын 9-ний өдөр болсон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр хэн юу хэлснийг уншигчиддаа хүргэе. А.Алтангэрэл: Манай дарга нар дандаа хөөрхөн хүүхнүүд ажилд авдаг Энэ онд 4 жилд нэг удаа болдог архивын улсын үзлэг манай аймагт ирэх аж. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн архивын тасгийн дарга, архив албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч А.Алтангэрэл мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Сүүлийн 2 жилд манай аймгийн 15 байгууллагын дарга нар нарийн бичгээ сольжээ. Шинээр хүн авахдаа дандаа хөөрхөн, царайлаг хүүхнүүдийг авдаг юм байна. Ажилд орсон 15 хүнийг судлахад тэдний хоёр нь л архивын мэргэжилтэй. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Баян-Өндөр сумын нарийн бичгүүд нь мэргэжлийнх. Бусад байгууллагын удирдлага нарийн бичгээрээ эдийн засаг, эрх зүйч, статистикч гээд өөр мэргэжлийн хөөрхөн хүүхнүүд авсан байна. Энэ хөөрхөн хүүхнүүдээрээ архивын үзлэгт сайн бэлдүүлээрэй. Ажилд нь сайн туслаж өгөөрэй” хэмээн аминчлан гуйлаа. Д.Чимэгээ: Манай аймагт 12.7 мянган тэтгэвэрийн насны ахмадууд бий Хоёрдугаар сарын тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь тавьж олгосон. Манай аймагт тэтгэвэрийн насны 12.7 мянган ахмад бий. Сая Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмсэн. Өмнө нь нэг сард олгох тэтгэвэрийн сан 3.5 тэрбум төгрөг байсан бол одоо 4.5 тэрбум төгрөгт хүрлээ. Хоёрдугаар сарын тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөний зөрүүг гуравдугаар сарын тэтгэвэр дээр нэмж олгоно. Өнгөрсөн сард Нийгмийн даатгалын сангаас БОЭТ-д 300 сая, өрхийн эмнэлгүүдэд дунджаар 5-6 сая, эмийн сангуудад 2 сая төгрөг олгосон. Б.Батжаргал. БОЭТ-ийн удирдлага тэмээ гэхээр ямаа гээд байна шүү Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргалын хийсэн мэдээлэл олны анхаарлыг татаж байлаа. Б.Батжаргал дарга хэлэхдээ “Энэ онд БОЭТ-д багагүй ажил хийгдэнэ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд яам тамгын газраас холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хөрөнгө оруулалтын талын хүмүүс ирж ажилласан. Хүүхдийн тасгийг засварлах, хүзүүвчийг өргөтгөх, засварлах, төрөх тасгийг засварлахад нийтдээ улс, аймгаас 4.0 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Мөн аймгийн Биеийн тамир, спортын газарт ч засварын ажил хийгдэнэ. Яам тамгын газрын албаны хүмүүс ирсэн энэ үед БОЭТ-ийн удирдлага буруу зөрүүтэй мэдээллийг гадныханд өгч байна. Энэ талаар цаашдаа анхаарахгүй бол бид нэг зүйл ярьдаг, түүнийг гуйвуулах явдал байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас манай улсад 3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох гэж байгаа. Үүгээр гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам, сүлжээнд холбох ажил хийгдэнэ. Энэ төсөл 4 аймагт л хэрэгжинэ. Бид олигтойхон ажиллавал 3.0 сая ам.долларыг тэр чигээр нь авах боломж байгаа. Зээлийг иргэдэд хүргэх ажлыг Капитал, Төрийн банкаар олгоно” гэлээ. Б.Батбаатар: 10 гаруй хүний орон тоог хэмнээд камертай болмоор байна Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Батбаатар энэ удаагийн шуурхай зөвлөгөөн дээр Засаг дарга болон аймгийн ЗДТГ-ыг дараахь хоёр асуудалд анхаарлаа хандуулж туслахыг хүссэн. Тэрбээр хэлэхдээ “Аймгийн Нийгмийн халмж, үйлчилгээний хэлтсийн ажил жил бүрийн төлөвлөгөөнийхөө дагуу биелэлттэй явж ирсэн. Ганц асуудал байна. Төлөвлөгөөнд туссан аймгийн хөгжлийн брэхшээлтэй иргэдийн ордон барих ажлын биелэлт тааруу байна. Аймгийн Засаг даргаас газрын асуудлыг шийдэж өгсөн. Одоо хөрөнгө оруулалтын ажлыг нь анхаармаар байна. Уг нь хуулиараа бол улсын төсвөөс барилгын ажлыг санхүүжүүлэх ёстой. Гэтэл энэ хөрөнгө улсын, аймгийн төсөвт суугаагүй. Бид яаж ийж байгаад тэдгээр хүмүүсийн төлөө хөрөнгө мөнгө олох хэрэгтэй байна. Хоёрдугаарт, Манай байгууллагын дэргэд Ахмадын сувилал байгаа, Цаанаа нь багийн захиргаа бий, дэргэд нь Ахмадын ордон барьж байгаа. Энэ орчмыг камержуулмаар байна. Нэг талаасаа тэр хавь зэлүүд гэж болно. Борооны үерийн ус ороод ирэх нөхцөл бүрдсэн. Бид шороо овоолж далан босгосон. Тэр хавьд байгаа 4 газрыг камержуулахад 5.6 сая төгрөг хэрэгтэй. Камертай болчихвол энэ 4 газарт 10 гаруй манаач сахиул байх шаардлагагүй. Энэ жилийн төсөвт 5.6 сая төгрөг суугдаагүй. Гэхдээ үүнийг бодолцохгүй бол болохгүй нь” гэсэн юм.