Э.Бөхтулгын нэрийг Засаг даргад дэвшүүлжээ
Хотын амьдрал 6 жилийн өмнө     181    0
Жаргалант сумын ИТХ-ын хуралдаан өнөөдөр болж үндсэн хоёр асуудал хэлэлцсэн байна. Үүнд сумын Засаг даргыг сонгох, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх тухай асуудал багтсан. Тус сумыг удирдаж байсан С.Дангаасүрэн Орхон аймгийн Засаг дарга болж дэвшсэн тул орны хүнийг нь сонгох асуудал улс төрийн хүрээнийхний дунд, тэр дундаа АН-ынханы дунд асуудал үүсгэж Улаантолгойнхоны дунд хүлээлт үүсгэсэн. Энэ удаагийн сумын иргэдийн хуралд Жаргалантын АН-ын хорооноос хоёр хүний нэрийг засаг даргад нэрийг нь дэвшүүлэн оруулжээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Я.Бэгзжав, Жаргалант сумын Засаг даргын орлогч Э.Бөхтулга нарыг сумын Засаг даргад дэвшүүлсэн. Сумын ИТХ 21 төлөөлөгчтэй тэдний олонхи нь Э.Бөхтулгыг сумын Засаг даргын ажлыг хийж чадна хэмээн үзэж нэрийг нь сонгон улмаар батламжлуулахаар аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнд уламжлах тухай шийдвэр гаргасан байна. Сумын ИТХ-аас Засаг даргад нэр дэвшсэн Э.Бөхтулгыг аймгийн Засаг дарга батламжилсанаар бүрэн эрх нь хэрэгжинэ. Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар Э.Бөхтулгын нэрийг аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн батламжлахгүй болов уу гэсэн таамаг өрнөж байна. Учир нь Жаргалантын Засаг даргад нэр дэвшигч нь багагүй алдаа дутагдал гаргасан гэх “мессеж” Нутгийн удирдлагын ордон хавиар нисч байна. Жаргалат сумын ИТХ-аас хоёр дахь асуудал болох төсвийн тодотголын тухай сэдвийг нээлттэй орхиж Засаг дарга томилогдсоны дараа үргэлжлүүлэхээр шийдвэр гаргажээ.