Завхан нутгийн их золгуут боллоо
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     186    0
Хаврын тэргүүн сарын шинийн 16-ны билэгт сайн өдөр Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа Завхан нутгийн түмний их золгуут боллоо. Орхон аймаг дахь Завхан аймгийн нутгийн зөвлөл, “Завханы хүүхдүүд” төрийн бус байгууллагаас санаачлан жил бүр нутгийн түмний их золгуутыг хийдэг уламжлалтай. Нээлтийн үеэр Орхон аймаг дахь Завхан аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Намхайнямбуу хэлсэн үгэндээ “Завханчуудын жил бүрийн их золгуут бол оройн дээд Очирваань хайрханаараа овоглосон нутгийн олон түмний амар мэндээ эрэлцэх баяр цэнгэл төдийгүй энэ жилийнхээ ажил үйлсийг тодорхойлдог, хийж бүтээхээ төлөвлөдөг нутгийн минь олны их цэнгэл юм” хэмээн онцолсон. Мөн ширээт лам З.Гончигжав тэргүүтэй лам хуваргууд сүсэгтэн олондоо буяны ном хурж, буян хишгийн даллагаа авахуулав. Завхан нутгийн их золголтод Монгол улсын гарьд Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, Шилүүстэй сумын уугуул аймгийн арслан Д.Сүхбат тэргүүтэй хүчит бөхчүүд, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан “Би Монгол эр хүн” дуугаараа олны танил болсон дуучин Д.Батболд тэргүүтэй Завханы хэмээх тодотголтой дуучид, уран бүтээлчид оролцож нутгийн түмэндээ ая дууны мэнд хүргэсэн билээ. Их золгуутад хүрэлцэн ирсэн түмэн олондоо эдүгээ 97 насыг зооглож байгаа Завхан аймгийн Их-Уул сумын уугуул Г.Сандуйжав, Номун ханы хойд дүр, ширээт лам З.Гончигжав тэргүүтэй буурлууд ууц таллаж хишиг хүртээв. “Завханы хүүхдүүд” ТББ-аас энэ үеэр их золгуутад оролцсон нутгийнханыхаа дунд азын сугалаа явуулж олон арван хүн хонин жилийн азтан болсон. Супер азтан нь Монгол улсын манлай уяач Даариймаагийн Чулуунбатын хурдан удмын даага хожлоо.