З.Хэнзээ: Удирдагч ажилчдадаа үлгэрлэх нь хамгийн чухал
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     200    0
Манай үйлдвэрийн  Баяжуулах фабрикийн 2014 оны манлайлагч хамт олноор Бутлан тээвэрлэх хэсэг, манлай удирдагчаар  хэсгийн дарга З.Хэнзээ шалгарчээ. Манлай удирдагч З.Хэнзээтэй ажил амьдралынх нь талаар ярилцлаа.   -Та алс баруун хязгаар Баян-Өлгийн урианхай хүн  байхаа.  Таны бага наснаас ярилцлагаа эхлэх үү? -За тэгье. Би Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг Өмнө Хөлцөөтийн түймэрт идсэн өтөг гэдэг бууцанд төрсөн. 5 хүүхэдтэй айлын дунд хүү. Би айлын эрх хүүхэд байлаа. Аав маань намайг 4-р ангид байхад мянгын дугуй гэж нэрлэдэг мопед,  6-р ангид ороход Иж планета-2 мотоцикл авч өгч билээ.  8-р ангидаа “Урал-72” гурван дугуйт унаж салхи татуулан давхидаг байлаа. -Үнэхээр эрх байж. Хичээл сурлагадаа хэр байв? -Бидний үед суманд 10 жилийн сургууль байсангүй. 8-р ангиа төгсөөд аймгийн төвд 9-р ангид суралцсан. Би тоо, физикийн хичээл сонирхдог. Аймгийн олимпиадад эхний гурван байрын нэгэнд л ордог байлаа. Ингээд 1974 онд 10-р анги төгсөхдөө нийт сурагчдыг сурлагаар жагсаахад 4-т орж билээ. -Тэгвэл та ёстой “гавал” байж. Аймагт дээгүүр жагссан  болохоор хүссэн мэргэжлээ сонгосон биз? -Би багаасаа техниктэй харьцсан болохоор автын инженер болох сонирхолтой байлаа. Тэгээд  МУИС-ийн авто инженерийн ангийн хуваарь авлаа. Гэтэл ангийн багш маань ийм сайн сурлагатай хүүхэд гадаадын хуваарь л авсан нь дээр гэж ятгаснаар эргэж орж инженер механик гэсэн ерөнхий хуваарь аваад, хотод ирж шалгалт өгч Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн Уулын инженер механикийн ангид элсэн орсон. Тухайн үед уулын мэргэжлийн талаар ойлголт муутай явсан болохоор сэтгэл жаахан дундуур л байсан. -Монголын шилдэг сэхээтнүүдийг  Эрхүүд бэлтгэж байх үед та суралцжээ. Тал нутгийн малчны хүү   Орос оронд суралцсан  анхны үеэ дурсаач?  -Галт тэргэнд анх сууж, ЗХУ-ын Эрхүү хотыг зорьж байлаа.  Орос хэл сайн мэдэхгүй бид эхний үед их хөглөдөгсөн.  Азаар хүнсний дэлгүүр нь өөртөө үйлчилдэг болохоор бараагаа сонгоод авчихна. Кассчин мөнгийг нь бодоод өгчихдөг болохоор гайгүй. Нэг рубльд багтаагаад сайн хооллочихно. Би оюутан болж очихдоо орос хэлэнд тун тааруухан байж билээ. Ямартаа л хэлний түвшин шалгаж групп сонгоход хамгийн сүүлийнхэд орж байхав. Бас Эрхүүгийн нам-рын үргэлжилсэн бороо уйтгартай санагдана, хоолондоо дасахгүй гэдэс гүйлгэнэ, гэрээ санана. Ер нь больдог ч юм билүү гэсэн бодол төрөх ч улсын зардлаар сурсан  болохоор буцаад явах эрх байхгүй. Сургуулиас хөөгдвөл төлбөр төлнө гэж сүрдүүлдэг болохоор дуртай ч, дургүй ч, сурах гэж мэрийхээс өөр замгүй байсан. -Гэхдээ таныг  “Эрхүүгийн хавар” дуунд гардагчлан  цэнхэр нүдэт орос бүсгүйд дурлаад их л романтик байсан гэх юм билээ.   -Тэр холын явдлыг чи хаанаас сонсов?(инээв.сурв) Би гуравдугаар дамжаанд байхдаа Люба хэмээх алтан шаргал үстэй, цэнхэр нүдэн хөөрхөн бүсгүйтэй танилцаж  дотноссон юм. Харамсалтай нь ёс заншил таарахгүйгээс тэр маань намайг дагаж  Монголд ирээгүй. -Сургуулиа төгсөөд хаана хуваарилагдав? -Сургуулиа төгсөөд Түлш эрчим хүч уул уурхайн яам дээр очлоо. Яамны хэлтсийн дарга Чимэд гуай “Сургуулиа онц төгссөн болохоор, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилтнаар үлдээнэ” гэлээ. Эрдэнэтэд ажиллах гэрээтэй сургуульд явсан болохоор төгсөхөөс өмнө хөдөөнөөс гэрийнхэн маань Эрдэнэтэд нүүгээд ирчихсэн байлаа.  Ингээд би Эрдэнэт рүү хуваарилаач гэж  учирлатал “Үүнийг би мэдэхгүй ээ.  Ш.Отгонбилэг даргаар асуудлаа шийдүүл” гэлээ. Тэр үед Ш.Отгонбилэг яаманд уул уурхайн салбарын ерөнхий инженер байсан юм. -Ш.Отгонбилэг гуай бас Эрхүүгийн Политехникийн дээд сургууль төгссөн байдаг. Танаас нилээн өмнө төгссөн үү? Оюутан байхдаа  бие биеэ таньдаг байсан уу? -Намайг нэгдүгээр курст байхад Ш.Отгон-билэг 5-р курсийн оюутан байсан. Бид оюутны 2-р байранд амьдарч, нэг тогооноос хооллодог байлаа. Бид биенийхээ амьдралыг маш сайн мэднэ. Ээж маань намайг 9-р ангид байхад өнгөрсөн. Ш.Отгонбилэг захирал багадаа өнчирсөн юм билээ. Тэр  утгаараа намайг ахын ёсоор халамжилж, их дотно ханддаг байлаа. -Ороод очтол хэрхэн хүлээж авав? -Намайг ортол тэвэрч  үнсээд сүйд. Тэгээд  “За миний дүү. Чам шиг толгой  сайтай хүн, эрдмийн ажил хийхэд яг таарна” гэв. Би ч Эрдэнэт явах санаатайгаа  хэлэхэд, шургуулгаа уудлан  томилолтын хуудас авч, шууд л томилолт  бичиж өгсөн дөө. -“Эрдэнэт” үйлдвэрийн  аль цехээс ажлын гараагаа эхлэв? -Хүдрийн ил уурхайд засварчнаар эхэлж ороод, 3 сар ажиллалаа. Тэгээд хэсгийн мастер механик болсон. Дараа нь Ил уурхайн Хөдөлмөр хамгааллын инженерээр  ажилласан. Нэг өдөр намайг ээлжинд гарч байтал Ил уурхайн дарга “УАЗ-469” машинтай давхиж ирээд “Чамайг дарга нар дуудаж байна” гэхэд нь ямар алдаа гаргасан юм бол доо. 2 өдрийн өмнө экскаваторын тасарсан тросс чирч явтал троссны үзүүр кабель рүү хатгаад экскаваторын кабель буудаж автомат салсан. Энэ талаар л асуудал үүссэн юм байна гэж бодоод эмээсхийн  очлоо. Ортол Комбинатын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэжав, Ерөнхий инженер Шелестов Михайл Сергеевич, Уурхайн дарга Хмелёв нар сууж хараг-дана. Эрдэнэжав дарга “Манай үйлдвэрийн удирдлагууд хэлэлцээд Комбинатын Ерөнхий механикийн орлогчоор чамайг бэлдэхээр судалсан. Ирээдүйд чамайг Ерөнхий механикч хийх ч боломжтой хүн гэж үзэж байгаа.  Бид Баяжуулах фабрикийн  Ерөнхий механикчийн орлогч гэсэн орон тоог шинээр бий болгон чамайг ажиллуулахаар шийдлээ. Бичиг цаасаар хөөцөлдөхгүй, фабрикийн үйл ажиллагаатай байнга танилцаж, тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг судалж, жилийн дараа шалгалт өгөөд тэнцвэл үйлдвэрийн Ерөнхий механикчийн орлогчоор ажиллуулна гэсэн. -Өөр цехэд ажиллахад бэрхшээл гарсан уу? -Миний эзэмшсэн мэргэжил Ил уурхайн тоног төхөөрөмжийн инженер, механик. Харин Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг огт мэдэхгүй. Ажилд томилогдсоны маргааш өглөө  орос механик намайг үйлдвэрээр дагуулж яваад насосны хэсэг рүү оруулаад орхичихсон. Би өдөржингөө үйл ажиллагаатай нь танилцахаар  мунгинаж байгаад  хоол ч идсэнгүй, орой ажилчид буух үеэр тэднийг бараадаж явсаар арайхийн гарах хаалгаа олж байлаа. Ингээд үйлдвэрээр явж, судалж, тоног төхөөрөмж зогссон үед дуудаагүй ч сайн дураараа ирж, засаж янзлахыг нь  ажигладаг байлаа. Жилийн дараа үйлдвэрийн Ерөнхий механикийн хэлтэст ахлах механикчаар томилогдож, 4 сарын дараа Ерөнхий механикийн орлогчоор дэвшин ажилласан. Энэ ажлыг би 11 жил хийсэн. -Тэр үед гар ажиллагаа ихтэй, одоотой харьцуулбал тун бэрх байсан байх. Энэ тухай дурсана уу. -Үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж ЗХУ-д үйлдвэрлэгдсэн. Зарим нь туршилтаар үйлдвэрлэж байсан болохоор тухайн үйлдвэрээс мэргэжилтэн ирж үйл ажиллагаанд нь байнга хяналт тавьж, гарсан гэмтлийг тэр дор нь засч, шинэчлэн өөрчилдөг байлаа. Тэр үед одоогийнх шиг нарийн багаж байгаагүй. Хэр их халж байгааг нь мэдэхийн тулд гарынхаа алганы ар талыг тоног төхөөрөмж дээр тавьж үздэг.  Тэвчихээргүй халуун байвал халалт дээд цэгтээ хүрсэн байна гэж үзээд зогсоож, нэмэлт арга хэмжээ авдаг. Чичиргээ доргиог нь шалгахдаа мод тавьж, чихээрээ чагнадаг. Маслоны халалтыг хуруугаа дүрж, хэмжээг нь нүдэн баримжаагаар хэмждэг байлаа. -Ерөнхий механикчийн орлогчоос ямар албанд томилогдов? -Нэг өдөр Ш.Отгонбилэг захирал дуудаад “За Хэнзээ минь. Чи Москвагийн төлөөлөгчийн газар очиж ажиллана даа” гэв. Тэгэхэд нь би “Өндөр настай аав минь миний асрамжинд байдаг. Аавд   хоол унд, агаар, уснаас эхлээд хүний нутаг тохирохгүй байх” гэхэд, “Тэгвэл Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирлаар яв” гэхэд нь  би бас л татгалзсан. Энэ  миний алдаа байсан. Хөтөлийг би өөд нь татаад босгочих боломжтой байсан болов уу гэж боддог. Энэ саналыг хүлээж аваагүйд захирал  ихэд  уурлаж “Хүний итгэл  даадаггүй яачихсан нөхөр вэ” гэж загнасан. Удалгүй бас намайг дуудаад “Та Эрдэнэтийн хонхроос гарч чадахгүй юм бол “Өргөө” компанийг хүлээж ав гэлээ. Гурав дахь саналыг нь хүлээж авахаас өөр арга байгаагүй. “Өргөө” компани Эрдэнэт концернийн харьяа барилгын салбарын том үйлдвэр, Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийг барьж босгосон ЗХУ-ын Медьмолибден строй” удирдах газрын барилгын бааз  байсан юм билээ. Энд үйлдвэрлэсэн материалаар Багануур, Бор-Өндөр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг барьж босгосон. Намайг анх очиход ажил нь уначихсан, мөнгө төгрөг ч байхгүй байсан. Үйлдвэрийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр энэ компанийг богино хугацаанд хөл дээр нь босгоод, 1996 онд 1 тэрбум 400-гаад сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, борлуулалт хийж, зах зээлийн хүнд үед, барилгын салбарт  толгой цохидог компанийн хэмжээнд хүргэж байлаа. -Бутлан тээвэрлэх хэсгийн даргын өмнө та ямар алба хашиж байв? -Баяжуулах үйлдвэрийн  Засварын хэсгийн дарга, Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогчоор ажиллаж байсан. -Бутлан тээвэрлэх хэсэгт  гарсан ослын дараа  та энэ хэсгийн даргаар томилогдсон. Энэ үед байдал ямар байсан бэ? -Тэр үед ажилчид маань их айдас түгшүүртэй байсан. Хэдхэн хоногийн өмнө үйлдвэрлэлийн ослоор залуухан эмэгтэй амь насаа алдсан. Конвейрын машинчид осол гарсан газар руу ойртохоос айж, тэр урт конвейрийн дэргэд шөнө ганцаараа ажиллахаас эмээсэн хүнд үед энэ ажлыг авсан даа. Ажлаа авсны дараа ээлж, ээлжээр хэсэгчлэн бүх ажиллагчтайгаа  нүүр тулан  уулзаж, илэн далангүй ярилцаж, тэднийхээ сэтгэлийн гүнд орж чадсан. Ажилчин бүрийн хэлсэн үг, гаргасан санал бүрийг нухацтай судалж, газар дээр нь очиж үзэж, ойрын үед хийх ажлын төлөвлөгөө  боловсруулсан. Хариуцах эзнийг  нэрээр нь зоож, гүйцэтгэх хугацааг тогтоож өгсөн.  7 хоногт 2 удаа хэсгийн ИТА-уудтай уулзаж, ажлын явцыг дүгнэж, зөвлөснөөр төлөвлөсөн ажил хугацаандаа  бүрэн биелж, аюул осол гарах эрсдэл ихээхэн  багассан. -Та дарга болсон жил гаруйн хугацаанд Бутлан тээвэрлэх хэсэгт тоосжилтыг багасгах, аюул гарах эрсдэлийг бууруулах, ажиллах орчинг сайжруулах зэргээр гарт баригдаж, нүдэнд харагдахуйц олон ажил хийсэн. Энэ талаараа? -БТХ-ийн даргын ажлыг аваад хамт олныг төлөвшүүлэх, ажлын байрны гоо зүйг сайжруулах, тоосжилтыг бууруулах чиглэлээр голлон ажиллаж байна. Ээлжийн мастер болгон өөрийн хариуцсан ажлын байрандаа тогтмол цэвэрлэгээ хийлгэж, түүнийг рапортын журналд бичиж хэвшсэн.  Гүйцэтгэлийн гол үзүүлэлтээр ажил  дүгнэхэд үүнийг харгалзан үздэг.  Сайн санал гаргах, аюулыг бичгээр мэдээлэх ажлыг идэвхжүүлснээр  2014 оны турш гаргасан сайн санал, хэрэгжүүлсэн төслөөрөө хэсэг маань Баяжуулах үйлдвэр дотроо манлайлж эхэлсэн.  Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд зохиогдсон соёл урлаг, биеийн тамирын үйл ажиллагаанд хошуучлах болсон. Түүгээр ч үл барам манай конвейрын машинч эмэгтэйчүүд өөрсдөө санаачлан волейболын баг гарган, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлсэн. Энэ бол “Эрдэнэт”  үйлдвэрийн түүхэнд  нэг цехийн нэг хэсгийн баг тамирчид аймагт аваргалсан анхны тохиолдол. Ер нь муу хамт олон гэж байдаггүй. Жил хагасын дотор хамт олноо төлөвшүүлэн идэвхжүүлсэн  миний ажлын нэгэн үзүүлэлт энэ. Удирдагч хүн ажилтнаа өөрөө үлгэрлэн дагуулах ёстой. Иймээс би   сайн санал хэд хэдийг, инновацийн төсөл 3-ыг санаачилсан.  Нэг  төсөл маань 20 гаруй сая төгрөгийн эдийн засгийн үр ашиг өгснийг инновацийн комисс шалгаж, баталгаажуулсан. Бас нэг төсөл маань ихээхэн хэмжээний үр ашиг өгөхөөр байсан ч зарим ерөнхий мэргэжилтнүүд түдгэлзүүлсэн. Эмээсэн байх. Хэрэгжүүлэхэд болохгүй гэх газаргүй, зардал ч багатай төсөл байсан. Гурав дахь төсөл маань судлагдаж байна. -Та  Баяжуулах үйлдвэр гэж яриад  байх юм? Энэ ямар учиртай вэ? -Ер нь фабрик гэдэг нь жижигхэн хэмжээний гар үйлдвэр шахуу юм шүү дээ. Жишээлбэл обувьная фабрика, кондитерская фабрика гэх мэт. Манай Баяжуулах үйлдвэр  1000 гаруй ажиллагчтай, автоматжуулагдсан, механикжсан цогц үйлдвэрлэл юм шүү дээ. Хэдэн жилийн өмнө танай сониноор дамжуулан “Баяжуулах үйлдвэр гэж нэрлэе” гэсэн санаа дэвшүүлсэн боловч аль ч шатнаас дэмжлэг аваагүй. Манай  одоогийн  удирдлагууд соргог хүлээн авч, бодож үзэх байх гэж найдаж байна. -Дэлгэрэнгүй сайхан яриа өрнүүлсэн  танд баярлалаа.  -Түүний  ярианаас  шулуун  шударга зан, ажлын төлөөх чин сэтгэл, зарчимч чанар мэдрэгдэнэ. Бүхнийг төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлэхээр өөрөө манлайлан оролцдог  энэ эрхмийн дэргэд хэн нэгэн зүгээр сууж лав чадахгүй. Түүнийг БМҮ-ийн “Өргөө” компанийн захирал байх үед тус компани аймгийн тэргүүний татвар төлөгч болж, бүтээгдэхүүн борлуулалтаараа улсад тэргүүлж байв. Баяжуулах фабрикийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч байх үед  “Эрүүл ажлын байр” бий болгосон амжилтаар Баяжуулах  фабрик  улсад  түрүүлж байлаа.  Мөн өнгөрсөн жил түүний удирддаг  Бутлан тээвэрлэх хэсэг манлай хамт олноор, өөрөө манлай удирдагчаар шалгарсан зэргээс харахад  З.Хэнзээ  ажил нь  доголдсон газарт  томилсон удирдлагуудын итгэлийг дааж,  ажлыг нь өөд  татаж чаддаг нь  илт. Я.ЭНХТУЯA