Шүүхүүд хэвлэлийн бага хурлыг тогтмол хийнэ
Хотын амьдрал 6 жилийн өмнө     182    0
Орхон аймгийн Шүүхийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлыг Шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн  Х.Одхүү, 14-р шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэг нар цаг үеийн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа томоохон өөрчлөлтийн нэг бол Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа юм. Манай аймагт шүүхийн тамгын газарт эвлэрүүлэн зуучлагч ажиллаж, өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд иргэний 230 өргөдөл хүлээн авсанаас 145 тохиолдлыг нь эвлэрүүлжээ. Харин 61 тохиолдол нь амжилтгүй дуусгасан дүнтэй байгаа аж. Эвлэрэх боломжгүй байсан нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй өргөдөл байсан. Гэр бүлийн гишүүд тусдаа амьдраад олон жил болсноос эргэж эвлэрэхэд төвөгтэй, боломжгүйд хүрчээ. Сум дундын 14-р шүүх 2015 он гарсаар хуучин оны үлдэгдэл хэрэг дээр нэмж 60 хүнд холбогдолтой 46 эрүүгийн хэрэг хүлээн авч, 12 хүнд холбогдох 6 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүнээс 66 хүнд холбогдох 45 хэргийг шийдвэрлэж, 32 хэрэг байцаан шийтгэх ажиллагаанд байна. Давж заалдах шатны шүүхэд эрүүгийн 18 хэрэг хүргүүлсэн нь нийт шийдвэрлэсэн хэргийн 40 хувь нь аж. Эрүүгийн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг хэрэг 18, өмчлөх эрхийн эсрэг хэрэг 29 байгаа нь өндөр үзүүлэлт болж байна. Орхон аймгийн хэмжээнд Иргэний хэргийн давж заалдах шатны 7-р шүүх, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7-р шүүх, захиргааны хэргийн анхан шатны 11-р шүүх, Сум дундын 14-р шүүх гэсэн дөрвөн шүүх ажиллаж байна. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүхүүд иргэдэд нээлттэй, ил тод ажиллахын тулд хэвлэлийн бага хурлыг тогтмол хийж, үйл ажиллагаагаа иргэдэд мэдээлж байхаар болжээ.