Д.Гантөмөр: Эрдэнэтэд чемодантайгаа ирээд түүнийгээ үүрээд нутаг руугаа буцсан үе ч надад бий
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     142    0
Манай сонины “Эрдэнэтийн ардчиллын партизанууд” булангийн зочноор 1989 оны арванхоёрдугаар сарын 3-нд Эрдэнэт хотод болсон улс төрийн тайван жагсаалыг зохион байгуулагчдын нэг Д.Гантөмөр оролцсон юм. Сэлэнгэ аймгийн түүхэнд төдийгүй Монголын ардын хувьсгалын ялалтын түүхэнд тодрон үлдсэн Сумъяа бээс хэмээх их хүний нутгийн хүү, Ховх сайрын торгуудын баатарлаг түмний үр хойчис болон төрсөн Д.Гантөмөрийн хувьд ардчилсан хувьсгалын оч болон дүрэлзсэн Эрдэнэтийн анхны жагсаал цуглаанд оролцож итгэл үнэмшил, ирээдүйн сайн сайхны төлөө залуу халуун насаа зориулсаныхаа төлөө 26 насандаа ажлаасаа халагдаж, гуравдугаар зэргээр групп тогтоолгож, амьдарч байсан байрнаасаа хөөгдөж явсан ч энэ бүхэн түүний хувьд туулах ёстой амьдрал мэт санагдаж явжээ. Тиймдээ ч нийслэл хотын “мээр” Э.Бат-Үүл 2008, 2009 онд 1000 тракторчдын жагсаал зохион байгуулахад тэдний дунд Д.Гантөмөр алхаж явсаныг Сэлэнгийнхэн мэддэг, ярьдаг аж. Одоо тэрбээр “Сэлэнгэ” амралтын баазад ажилладаг. Ингээд түүнтэй уулзаж анхны жагсаал цуглааны талаар болон тухайн үеийн түүхийн нэгээхэн хэсгийг хүүрнэснээ уншигч танаа хүргэж байна. -Та Эрдэнэтэд хэдийд ирсэн бэ. Ямар ажил хашиж байв. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү? -Би 1981 онд Сургалтын төвийг төгсөөд Эрдэнэтэд ирж, Хүдрийн ил уурхайд өрмийн машинистын туслахаар ажилласан. Нутаг ус гэвэл Сэлэнгэ аймгийн хүн. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээн байгуулалт эхэлчихсэн жинхэнэ залуусын хүсэл мөрөөдлийг дуудсан залуусын хот байлаа. Энэ сайхан хотод Монгол орны  өнцөг булан бүрээс залуус цуглаж ийм аугаа хотыг бүтээн босгосон түүхтэй. Өнөөдөр эргээд харахад тэр олон мянган монгол, орос залуусын хүч, хөдөлмөрөөр боссон уурхайн энэ хот Монгол улсын хувьд “Зууны манлай бүтээн байгуулалт” гэсэн хүндэтгэл хүртсэн нь тэр үед ажиллаж бүтээн байгуулж байсан залуусын бахархахгүй байхын аргагүй сэтгэгдэл төрүүлдэг. Хөдөлмөрийн их талбарт хийж бүтээхийн төлөө зүтгэсэн тэр үеийн залуусын хувьд нэг л мэдэхэд 1989 онтой золгосон байлаа. 1988 оноос Орос оронд “Өөрчлөн байгуулалт, Ил тод байдал” жинхэнэ хүчээ авч түүний цуурай Монгол нутагт дуулдаж эхэлсэн. Тэр дундаа орос, монгол залуус мөр зэрэгцэн ажиллаж байгаа үйлдвэрийн энэ том хотод М.С.Горбачёвын эхлүүлсэн энэ ажлын талаарх мэдээлэл их амархан хүрдэг байсан. 1988 оны сүүлчээр билүү дээ,  Үйлдвэр дээр монгол жолооч нар цалингаа нэмэгдүүлэх гэж ажил хаялт зохион байгуулсан. Энэ мэт нь 1989 оны ардчилсан хувьсгалын эхлэлтэд суурь нь болсон. -Мэдээж хэдэн залуус нэг өдөр цуглараад маргааш нь жагсаад  явчихаагүй. Жагсаалаас өмнө хүмүүсийн тархийг цэнэглэх, тэдэнд өөрсдийгөө ойлгуулахын тулд багагүй ажил хийсэн байдаг. Энэ тухай сонин сайхнаас хүүрнэвэл? -Үйлдвэр дээр “Ил тод” бүлгэм байгуулагдаж АБКА-гийн үүдэнд ханын сонин гараад ирэхлээр залуус юу билээ гэж боддог юм билээ. “Ил тод” бүлгэмийн гишүүн болж нөхдийнхөө хамт олон ажил санаачлан хийж байсан. Бидний ярианы гол сэдэв бол Орос оронд өрнөсөн өөрчлөн байгуулалтыг тэр чигт нь Монголд хуулбарлах, авч хэрэгжүүлэх талаар их ярина, маргана. Тухайн үед нам засгаас Орос оронд өрнөсөн өөрчлөн байгуулалтыг муулж чадахгүй, шүүмжилж чадахгүй байсан. Мэдээж Оросын удирдагчдаас айгаад тэр шүү дээ. Гэхдээ Намын төв хороо “Монгол орны орчин нөхцөлд тохирсон өөрчлөн байгуулалтыг эхлүүлнэ” гэсэн нэг тогтоол ч билүү мэдэгдэл ч билүү гаргасан байдаг. Харин бид эсрэгээрээ Орост өрнөсөн тэр өөрчлөн байгуулалтыг тэр хэвээр нь хуулбарлахыг шаарддаг байлаа. -Тухайн үеийн дарга нарын хувьд та бүхэн бараг л эсэргүүний үлдэгдэл шахуу юм болно биз дээ. Энэ талаар намын үзэл суртлын үнэнч цэргүүд нь иргэдэд суртал ухуулга хийдэг байсан тухай яригддаг? -Тэр үнэн ш дээ. Биднийг төр засгийн эсрэг, коммунизмын эсрэг босч байгаа гэмт хэрэгтнүүд гээд л. Тухайн үеийн намын сонгуультан идэвхтнүүд чинь биднийг хамгийн муу муухай үл бүтэх нөхдүүд гэж ажил дээрээ ухуулга, сурталчилгаа хийдэг байсан. Өнөөдөр хамгийн инээдтэй нь тухайн үеийн намын идэвхтэн, сонгуультан гэсэн нөхөд бараг л ардчиллыг байгуулахад би оролцож, эхнээс нь дэмжсэн гээд хашхирах нь халаггүй бидний дунд алхаж байгаа. Нэг удаа би Барилгачдын талбай дээр ухуулах хуудас наагаад зогсч байсан юм. Гэтэл тэр үед ажилчид тарж байсан. Нөгөө хүмүүс чинь ухуулах хуудас уншихын оронд миний нүүр лүү харж гайхаад л. Зарим нэг намын идэвхтэн нөхөд нь “Нөгөө эсэргүү нөхдийн чинь нэг энэ шүү дээ” гэж чичилж байлаа. -Тэр нааж байсан ухуулах хуудсанд юуны тухай бичсэн байсан бэ? -Миний нааж байсан ухуулах хуудсанд “Д.Мянганбаярыг огцруулъя, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор. Өөрчлөн байгуулалтыг эхлүүлье” гэсэн агуулгатай байсан. -Арванхоёрдугаар сарын 3-ны тэр өдөр лүү эргээд хандая. Өвлийн ид хүйтэн өдөр улс төрийн тайван жагсаал хийж байсан 10 гаруй залуусын хувьд өнөөдөр түүхийг бүтээгчид. Гагцхүү тэдний байгуулсан түүхэн гавьяа хойч үедээ үнэнээрээ хүрэх учиртай. Манай сонины зорилго ч үүнд чиглэгдэж байгаа. 1989 оны арванхоёрдугаар сарын 3-ны тэр өдрийн талаар эргэн дурсвал? -Манайхан тухайн үедээ арваннэгдүгээр сарын 26 буюу улс тунхагласны өдрөөр жагсаал хийхээр төлөвлөж байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас хийж чадаагүй. Тэгээд арванхоёрдугаар сарын 3-ны ням гарагт жагсаал хийхээр төлөвлөсөн. Бүр жагсаалын үеэр барих лоозонгоо манай  Д.Баатарын гэрт бичиж байлаа. Бүр бичээд бэлдчихсэн. Гэтэл жагсаал болсон тэр өдөр өнөөх лоозонгоо гаргаж чадаагүй. Бидэнд туршлага энэ тэр байх биш. Тэгээд ч бидний дотор тодорхой хэмжээнд айдас хүйдэс байгаа юм чинь. Үнэхээр тэр жагсаалд оролцсон 10 гаруй залуус бидний хувьд өнөөдрийн өндөрлөгөөс харвал ямар их зориг зүрхтэй алхам хийгээ вэ гэж бодогддог. Нөгөө талдаа тухайн үеийн залуусын уриа “Бид хийхгүй бол хэн хийх юм бэ” гэдэгт гол утга учир нь оршиж байсан гэж боддог. -Та нарыг жагсаад явж байхад цэрэг, цагдаагийнхан тойрч бүчээд л гээд ярих хүн байдаг. Гэтэл цэрэг цагдаа байгаагүй, гудамжаар алхаж явсан хүмүүс сонирхож байсан ч гэдэг. Жагсаалд оролцож явсан хүний хувьд тухайн үед бодит байдал ямар байсан юм бол? -Бид фонтамын тэндээс гарч төв замаар алхсаар дөрөвдүгээр микрийн 20 дугаар байрны баруун өмнө “Уянга” гэж дэлгүүр байсан. Одоогийн Урт цагааны баруун талд нь. “Уянга” дэлгүүрийн орчимд ирэхэд  тэр хавьд хэдэн цэргүүд газар шорооны ажил хийж байсан. Нэмээд хоёр машин цэрэг ирж буусан. Бидний хажуугаар цагдаа н.Чулуунбат гэдэг хүн ташаандаа гар буу зүүчихсэн “Зөв зөв. Та нарын зөв” гээд л өнгөрч байсан. Алхсаар талбай дээр ирэхэд тэнд дөрвөн машин байсан. Машин дотроос зураг авч байгаа харагдсан. Тухайн өдөр их ч хүйтэн байсан. Дээр нь бидэнд үнэхээр туршлага дутсан. Өмнө нь энд тэнд улс төрийн жагсаал цуглаан болсон гэж дуулж, харж байгаагүй улсын хувьд бид талбай дээр ирээд сайн зохион байгуулалтад орж чадаагүй тэгсгээд тарсан. Үнэхээр туршлага дутаж байгаа юм чинь. -Анхны жагсаал ингээд тарлаа. Дараагийн ажил юу байсан бэ? -“Ямар ч байсан жагсаал, цуглаан хийхэд шууд л ачаад явчихгүй юм байна” гэсэн итгэл найдвар төрж эхэлсэн. Иймээс дараагийн жагсаал, цуглааны хүний эрхийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд хийхээр төлөвлөж ажилласан. Мөн ухуулах хуудас хийх, наах, ямар утга агуулгатай байх тал дээрээ сууж ярилцаж эхэлсэн. Нэг удаа До.Ганболд Д.Энхтайван бид хэд ярьж байгаад “Д.Мянганбаяр дарга огцор” гэсэн шаардлага хүргүүлэхээр боллоо. Түүнийгээ ч хүргүүлсэн. Гэтэл Д.Мянганбаяр даргаас “Та нар сайн хүнээ олоод ир” гэдэг хариу ирсэн. Д.Мянганбаяр даргын хариуг хараад бид “Өнөөдөр Эрдэнэтэд Д.Мянганбаяраас өөр сайн хүн байхгүй юм байна л даа, Ер нь сайн хүн гэж хэн байх вэ” гээд нэг оройжингоо ярилцсан удаатай.  -Суугаад ярилцах байр сууцны хувьд хүндрэлтэй, зарим тохиолдолд нууцаар энд тэнд цуглаж байлаа гэж танай нөхөд хуучилж байхыг сонссон. Яаж энэ бүхнийг зохицуулж байсан бэ? -Одоогийн тавдугаар микрын 1 дүгээр байрны 1 дүгээр орцонд аймгийн Боловсролын хэлтэс байрладаг. Боловсролын хэлтсийн Сүхбаатар гэдэг багшийн өрөөнд Ардчилал гэж юу вэ, юу гэж ойлгох вэ гэсэн сэдвээр үүр цайтал ярилцаж байсныг одоо манай Ш.Энхбаяр сайн мэднэ дээ. Бидэнд чинь тэр үед суух байтугай орох өрөө тасалгаа олдохгүй их хэцүү. Ш.Энхбаяр тэр үед МСҮТ-ийн аж ахуйн дарга байсан. Ш.Энхбаярын өрөөнд сэм цуглаж нууцаар уулзалдана. Тэр бүү хэл би Ш.Энхбаярын тэр өрөөнд МоАХ-ны батлахаа гардан авч байсан. Их хэцүү байсан шүү. Тэр Сүхбаатар багшийг Боловсролын хэлтсийн дарга нь шахаж дарамтлаад “Чи нэг бол ардчилал яриад байгаа энэ хэдэн шалдан банди нартайгаа яв. Үгүй бол ажлаа хий” гэж тулгаад сүүлдээ өнөөх маань аргагүй эрхэнд ажлаа бараадаад үлдсэн. Ийм л дарамт, шахалттай байсан цаг. -МСҮТ гэснээс Э.Бат-Үүл, Д.Энхбаатар хоёр анх Эрдэнэтэд ирээд тэнд уулзалт хийж байсан гэдэг. Тэр уулзалт дээр та байсан уу? -Байлгүй яахав. Э.Бат-Үүл, Д.Энхбаатар хоёр ирдэг тэр цуглаан дээр манай Лувсан-Очир “Улс төр гэж юу юм бэ” гэж асуугаад түүнд нь Үүл баатар хариулт өгч байсан. Яг тэр үед би үүдэн дээр харуулд гарч байсныг манайхан мэднэ. Энэ цуглааны дараа нэг их сонин юм болсон. Цуглаан тараад Э.Бат-Үүл, Д.Энхтайван хоёр гадагшаа гарах гэж байтал манай залуус “Та нар Эрдэнэтэд хувийн зардлаараа ирсэн юм уу. Тэгвэл бид та нарт буцах замын зардал өгье” гээд л гурав нь гурав, тав нь таван төгрөгөө, зарим нь улаан аравтаа гаргаж өгч байлаа. -Үүний дараагаас эхлээд та бүхэн Эрдэнэт хот, үйлдвэр дээр МоАХ-ны салбар зөвлөл байгуулах их ажилд орсон байдаг. Богино хугацаанд олон ч салбар зөвлөл байгуулсан гэдэг. Та хаана томилогдон ажилласан бэ? -Үүний дараа Эрдэнэтэд Цэвээнравдангийн Баярмаа ирсэн. Би тэр үед Ил уурхайгаас гараад Энергоцехэд ажиллаж байлаа. Би ажил дээрээ ардчиллын талаар их ярина. Манайхан эхлээд нэг сайн ухаж өгөхгүй, хүлээж авдаггүй. Тэгэхлээр нь Би Ц.Баярмааг дагуулаад Энергоцех дээр ухуулга хийлээ. Улмаар манай ажилчид нэгдээд МоАХ-ны 7 дахь салбар зөвлөлийг байгуулсан түүхтэй. Долоо дахь салбарынхаа даргаар Мөнхсайхан гэдэг залууг сонгосон. Мөнхсайхан тэнд олон жил ажилласан даа. -Та бүхэн салбар зөвлөл байгуулах, иргэдийн дунд ухуулга сурталчилгаа хийх гээд ажил ихтэй ч гэсэн хажуугаар нь сонин гаргаж, бүр хийд хүртэл байгуулсан түүхтэй. Хүмүүс та бүхний энэ мэт ажлыг хэрхэн хүлээн авч байв? -Ардчилал түүний үнэт зүйлсийг иргэдэд ойлгуулахын тулд олон ажил хийх шаардлага амьдралаас гарч ирсэн. Өөрсдийгөө иргэдээр хүрээлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд иргэд рүү хандсан, тэдний сэтгэлийг татах гэсэн олон ажил хийж байсан. Одоо манай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдаа санаачлаад бид дэмжин хамтраад  “Арванхоёрдугаар сарын 10” нэртэй сонин гаргасан. Манай сонины редакци 9 давхар байрны 1 давхарт байрладаг байв. Сониныхоо эхний дугаарыг хэвлүүлээд тэвэр тэврээр нь авч явж борлуулдаг байсан. “Арванхоёрдугаар сарын 10” гэдэг сонин тухайн үеийн Эрдэнэтчүүдийн оюуны тархинд мөн ч их зүйл өгсөн дөө. Сүүлдээ хүмүүс эрэл сурал болчихсон. “Дараагийн дугаар нь хэзээ гарах вэ, тэр дугаар дээр тийм материал гарсан гэнэ. Түүнийг олоод уншчихмаар байна” гээд үнэхээр их эрэлттэй байсан. Бидний бас нэг хийсэн ажил байна. Тэр бол Эрдэнэтэд төдийгүй Монгол улсын хэмжээнд 1989 оноос хойш анх удаа гэж болох байх анхны хийд байгуулсан. Иргэд биднийг дэмжээд хандив өгдөг болсон. Иргэдийн хандивыг цуглуулж баримтжуулж санхүү бүртгэлд тооцож авдаг албатай болж байгаа юм чинь. Ингээд сүм хийдээ байгууллаа, хотоос газар аваад. Анхны хамба ламаар нь Завханы Гаадан гэдэг хүн ажилласан. Сүм хийд байгуулагдангуут иргэдийн шүтэх эрх чөлөө бодит байдлаар хэрэгжиж эхэлсэн. Манай партизанууд Монголын түүхэнд анх удаа нийтийн өмнө сүсэгтэн олон түмэнд хандаж Хийморийн сан тавиулж явсан. Энэ бүхэн иргэдийн хувьд итгэл үнэмшилтэй болж сүсэгтэн олон  төдийгүй лам нар ч дарга нар, хууль хяналтынханаас айх эмээх зүйлгүй шашин шүтэх эрх, эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь олж авахын тулд Эрдэнэтийн ардчиллын анхдагчдын хийсэн олон ажлын нэг л дээ. -Энэ бүхнийг олж авахын тулд та нар их ч зүйлээ алдсан байдаг. Ажил албан тушаал, гэр орон бол наад захын хэрэг. Бүр сүүлдээ “ардчиллын” гэдэг нэрнээсээ болоод ажилгүй, амьдралгүй болж явсан тухай таны нөхөд дурсан ярьсан. Таньд ч бас ийм зүйл тохиолдож байсан гэдэг. Энэ тухайгаа яривал уншигчдад маань сонин байх болов уу? -1989 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Монголын түүхэнд анх удаа болсон улс төрийн тайван жагсаал, улмаар өнөөдрийн бидний амьдарч буй ардчилсан нийгэм бидэнд их үнэрээ олдсон. Манай зарим нөхөд энэ сайхан цагийн үр жимсийг нь ч хүртэж чадалгүй бурханы орон руу явсан. Ардчиллын төлөө тэмцсэн, зүтгэсэн тэр бүхний минь төлөөс надад ч бусдын адил ирсэн. 1991 онд намайг ажлаас халлаа. Тухайн үед чинь шууд гудамжинд гаргачихаж болдоггүй байсан. 26-хан настай залууг гуравдугаар зэргээр группэд оруулж байв. Гуравдугаар микрын зургаадугаар байрны 22 тоотод би амьдардаг байсан. Нэг орой  гэртээ иртэл байрны хаалгыг минь эвдээд миний хамаг юмыг хонгилд гаргаад шидчихсэн. Өөр хүн оруулсан байсан даа. Би тэр үед эхнэр аваагүй байсан тулдаа л болсон. Чи ардчиллыг байгуулалцсан бил үү, тэгвэл шангаа хүрт гэж тухайн үеийн дарга нар хариугаа авч байгаа нь тэр. Би 1981 онд Эрдэнэтэд чемодантайгаа ирсэн, ардчилсан нийгмийн төлөө нөхдийнхөө хамт зүтгэсний “шагналд” түүнийгээ үүрээд нутаг руугаа буцсан даа. Н.ТӨР