Засаг даргын захирамж Г.Зоригттойгоо хамт “явжээ”
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     117    0
Г.Зоригт даргыг тамга, тэмдгээ өгөхтэй зэрэгцэн түүний иргэдийнхээ төлөө гаргасан нэгэн захирамж цаас болон үлдлээ. 2013 оны нэгдүгээр сарын 29-нд аймгийн Засаг дарга Г.Зоригт Эрдэнэт хотын төв талбайг автомашины зогсоол хэлбэрээр ашигладаг байдлыг өөрчилсөн захирамж гаргаж иргэдийн мэдэлд өгсөн. Энэ захирамж 2013 оны хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн хэрэгжиж түүнд нь аймгийн Цагдаагийн газар хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож билээ. Үнэндээ Засаг даргын захирамж хоёр ч жилийн насгүй байх юм гэж иргэд даанч бодоогүй. “Найрамдал” талбайг автомашинаас чөлөөлсөнөөр иргэд төдийгүй хүүхэд багачуул айх аюулгүй зорчдог, ард түмний мэдлийн өмч болсон ганц газар ийнхүү эрхтэн, дархтангуудын “өмч” болж улмаар автомашины худалдааны “Найрамдал” зах болжээ. “Найрамдал” талбайд ямар учраас автомашины зах ажиллуулах болсон талаар бид аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэрээс тодруулахад “Цагдаагийнханыг дуудаж тараалгах арга хэмжээ авч байна. Хуулийн хэлтсийнхэнд хэллээ” гэсэн. Гэвч энэ удаад Г.Батдэлгэр даргын мэдлээс хэтэрсэн явдал болсон уу автомашины ченжүүдийн худалдаа улам өргөжиж газар авч байна. Эсвэл Г.Зоригтын гаргасан тэрхүү захирамжийг түүний ажлыг хүлээж аваад байгаа орлогч дарга Д.Энхбат хүчингүй болгож эдийн засаг хямарсан энэ үед “Найрамдал” талбайгаас мөнгө босгохын тулд автомашины зах байгуулах захирамж гаргасан бололтой. Д.Энхбат дарга ч хэзээний бизнес сэтгэлгээтэй суусан газраасаа шороо атгаж босдог хүний хувьд аймгийн эдийн засагт хувь нэмэр оруулах үүднээс төв талбайгаа түрээслэн мөнгө босгох арга сэдсэн байж болно. Одоо А.Амарын хөшөөг захиргааны өмнөөс нүүлгээд хэн нэгэн мөнгөтэй, бяртай хүний хүрэл хөшөөг цутгуулж байрлуулбал аймгийн төсөвт овоо хэдэн төгрөг ороод ирэх ч юм билүү.