Шинэ жилийн таксны мөнгөөрөө 9 айлд гэр бэлэглэлээ
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     104    0
Шинэ жилийн уур амьсгал орсон арванхоёрдугаар сарын эхний арав хоногоос л эхлэн олбан ёсны баярын арга хэмжээ эхэлсэн. Баярласан хөөрсөн тэр олны дундаас 10 дахь шинэ жилийн баяртаа орлоо, сайхан байна гэх хүнтэй ч таарлаа. Тэгээд ч шинэ жилийн баярыг сүүлийн үед нийллэг, архи дарс, ууж идэхгүйгээр тэмдэглэхгүй бол моодноос хоцрогдох дээрээ тулаад байгаа энэ цагт МАН-ын залуучуудын санаачлагаар нэгэн шинэлэг ажил орон нутагт өрнөлөө. Аймгийн МАН-ын хорооны залуус шинэ жилийн баярт оролцох таксны мөнгөө сайн үйлсэд хандивлах санаачлага гаргажээ. Залуусынхаа энэ санаачлагыг аймгийн намын хороо, тэргүүлэгчид улмаар Орхон аймгаас МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон эрхмүүд дэмжин хамтран ажилласан байна. Тэд энэ сарын 30-нд “ёолкныхоо мөнгө”-өө хуримтлуулж орон гэргүй 9 өрхөд оосор бүчгүй орд цагаан өргөө бэлэглэв. Нүдээ олсон энэ удаагийн шинэ жилийн бэлгийг орон гэргүй иргэд нулимс мэлтэлзүүлүүлэн хүлээн авсан юм. Залуусынхаа шинэ санаачлагыг дэмжин хамтран оролцохоор МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Бат-Энх, “Эрдэнэт хөгжил бидний зүтгэл” ТББ-ын тэргүүн Н.Энхтайван, аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут, Баян-Өндөр сумын МАН-ын хорооны дарга А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ш.Ганбат, Д.Дэлгэрбаяр нар нэгдсэн байна.