ПАРТИЗАНУУД
Хотын амьдрал 6 жилийн өмнө     174    0
Нийгмийн өөрчлөлт шинэчлэл хийхэд урт хугацаа шаардлагатайг Та бид харж ажиглаж, хуучин нийгэм шинэчлэгдэх үйл явцын хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулсаар явна. Өнөөгийн 30-аас дээш насныхан хоёр нийгмийн орчил дунд амьдарч байгаа ховорхон хувь тохиолтой хүмүүс. Тэр тусмаа Ардчиллын алтан хараацай гэх алдрыг олон түмнээс хүртсэн цөөхөн хэдэн хүнээ бид партизанууд гэж хэлээд сурчихаж. Ардын хувьсгалын жилүүдэд амь насаараа дэнчин тавин байж өнөөгийн энх тайван амьдралыг авчирсан, зуун дамжин дуурсах алдартай гавьяатнуудаа монгол түмэн “Партизанууд” хэмээн хүндэтгэн дээдэлдэг. Түүн лугаа адил 1990-ээд онд Монголын нийгмийг өөрчлөн шинэчлэхэд ард түмний өмнө туг болж явсан тэр хэдийгээ бид бас л “Партизанууд” гэх. Олон түмний энэ хүндэтгэлийг тэд эрхэм дээд шагнал гэж үзнэ. Орхон аймагт бас ийм хүндэтгэл хүлээсэн хэдэн хүн бий. Саяхан тохиосон Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн үеэр тэдний хоёрыг нь “Эрдэнэт хотын хүндэт иргэн” хэмээн өргөмжиллөө. Д.Батлүндэн, Д.Баатар нар энэ эрхэм хүндтэй шагналыг Орхон аймгийн төр, захиргааны хүндэтгэлийн өргөөнд хүлээн авсан. Олон түмний үнэний дууч гэмээр энэ хүмүүсийг хайрламаараа. Учир нь, тэртээх 25 жилийн өмнө нийгмийн хуучин системийг унаган, нийгмийн шинэ тогтолцоо бий болгохын төлөө үгээ зоригтой хэлж, өлсгөлөнд оролцон тэмцэж, түмэн олны ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө ажил, амьдралаа золиосолж явсан энэ хүмүүс өнөөдөр ч гэсэн хэрэгтэй үед хэлэх гэсэн үгээ хэнээр ч хянуулахгүй хэлчихдэг зориг нь мохоогүй явна. Олон хүн өнөөдөр хэн нэгнээс эмээгээд үгээ хэлж чадахгүй араа бодоод “амаа хамхиад” өнгөрдөг хэвээрээ л байна. Гэтэл партизанууд олны бодлыг тольдсон мэт оновчтой хэдэн үгийг хаана ч, хэний ч өмнө хэлж л орхидог нь тэдний имиж болж дээ. Тийм ч учраас иргэд энэ хэдэн партизанаа дандаа хүндлэнэ. Одоогоос 25 жилийн тэртээ Ардчилсан хөдөлгөөний хүчтэй давалгаан дунд хөл алдалгүй тэмцэж, Эрдэнэт хотод тэрхүү тэмцлийг манлайлж, “ЭНХ” буюу “Эв нэгдлийн холбоо” клуб байгуулж, тэргүүн эгнээнд нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж явсан Д.Батлүндэн, тэр үед уурхайчин хамт олны дунд журмын нөхөдтэйгээ хамтран “Ил тод” бүлэг байгуулж, ийм нэртэй ханын сонин гаргаж олон түмнийг сэхээрүүлж явсан Д.Баатар нарыг өнөөдөр “Эрдэнэт хотын хүндэт иргэн” хэмээн өргөмжилсөн нь эзнээ олсон шагнал байлаа. Тэдний үг хатуу ч гэсэн үнэн байдаг. Үнэн үг цаанаа л үнэ цэнэтэй. Ардчилсан хувьсгалын 25 жилийн түүхэнд олдсон олон үнэ цэнэтэй зүйлийн амин сүнс нь монгол хүн бүрт шинэ Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө юм шүү дээ. Ямар ч өндөр албан тушаал, эрх мэдлээр солимгүй энэ үнэт зүйлсийн хилийг манай партизанууд л манаж явна. Тэд хэзээ ч үнэнээс айж, урваж шарваж явсангүй. Тийм ч учраас Эрдэнэтийн ардчилагчид хааяа цуглахдаа, хуралдахдаа партизануудынхаа үнэн үгийг чих тавин сонсох дуртай болж. Үнэний үнэ цэнэ гэдэг үнэндээ хэмжээлшгүй их юм даа. Саяхан Орхон аймагт болсон нэгэн хурал дээр партизан Д.Баатар “Улаанбаатарт суугаа, АН-ын эрхэм даргаас бидэнд ирүүлсэн албан бичгийг сонсоод Эрдэнэтийн Ардчилсан нам, МоАХ-ын гишүүд шоолж байна лээ гээд хэлчихээрэй” гэсэн үгийг УИХ-ын гишүүнээр дайв. Гишүүн ч тэр үгийг АН-ын даргад дамжуулна гэдгээ амлалаа. Жирийн гишүүн нь нэгдүгээр даргаа шүүмжилж болдог, дотор загатнуулаад байгаа үгээ хэнээс ч айхгүй хэлж болдог энэ бүхэн чинь л ардчиллын нэг үнэ цэнэ юм даа. Ардчиллаар олдсон энэ мэт олон үнэ цэнийг хамгаалан, цагийн эрхээр хувирч өөрчлөгдөхгүй яваа хүмүүс бол Ардчиллын партизанууд. Тэднийг төлөөлүүлэн энэ удаад Д.Батлүндэн, Д.Баатар нарыг “Эрдэнэт хотын хүндэт иргэн” хэмээн өргөмжиллөө. Партизануудын үнэн үгийг хүлээцтэй сонсож үг хэл, үйл хөдлөлөө цэнэж явахад илүүдэхгүй гээд хааяа хэлчихмээр санаддаг. Партизануудад хэлэх үг их бий, цаг нь болохоор бидэнд дуулдах л байх. Үг үнэн байх тусмаа үнэ цэнэтэй. Тэр үгийг партизанууд төр, засгийн тэргүүнүүдэд ч, түмэн олонд ч дуулгасаар л явна. Ж.ОЮУН