“Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагын хүрээнд бусдыг уриалан дуудна
Хотын амьдрал 6 жилийн өмнө     165    0
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Намхайнямбуу тус үйлдвэрийн “Хаалтын менежмент”-ын хүрээнд 2014 оны эхний хагас жилд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уул уурхайн салбартаа тэргүүлэх чиглэлийн дэлхийн томоохон үйлдвэрүүд хэтийн чиглэлээ тодорхойлсон “Хаалтын менежмент”-ыг хэрэгжүүлдэг. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн шинэ удирдлагын багийн зүгээс “Хаалтын менежмент”-ийн хүрээнд 2014 оны эхний хагас жилийн байдлаар нэлээн хэдэн томоохон ажил хийж гүйцэтгэжээ. Үйлдвэрийн удирдлагын багийн энэ удаагийн хийж гүйцэтгэсэн ажил нь Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд төдийгүй Монгол улсын эдийн засгийн өсөлт, импортыг орлох экспортыг дэмжих чиглэлээр дотоодын аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулсан байна. Хэдхэн жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр” нь шахааны газар байсан бол өнөөдөр үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч төдийгүй гадагшаа урсан гарч байгаа олон сая ам.долларын урсгалыг бага ч гэсэн хэмжээнд зогсооход анхаарлаа хандуулан ажилласан гэдгийг Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Намхайнямбуу онцолсон юм. 2014 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд зөвхөн манай Орхон аймагт л гэхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг түшиглэсэн жилдээ 10 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай “Ачит ихт” зэс хайлуулах үйлдвэр, өдөрт 2500-3000 ширхэг амны хаалт үйлдвэрлэдэг “Мөнхийн цагаан жим” үйлдвэр, жилдээ 2000 тонн рени гарган авах хүчин чадалтай “Шим технолоджи” ХХК, эрчим хүч бага зарцуулдаг “Лед” гэрлийн үйлдвэр, 10 мянган шоо метр түүхий резин гаргах үйлдвэр, “Бэрэн металл” гангийн үйлдвэр ашиглалтад орсон. Дээрх үйлдвэрийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлснээр жилдээ 250 гаруй сая ам.долларын гадагш урсгалыг зогсоох боломж бүрдсэнийг хэлсэн юм. Мөн үүний хэрээр хэдэн мянган хүний ажлын байр нэмэгдсэнийг ч онцоллоо. Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирлын бас нэг онцолсон сэдэв нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санаачлага хөрөнгө оруулалтаар бий болсон “Эрдэнэт медикал” оношлогоо, эмчилгээний лаборатори тойрсон сэдэв байсан юм. Өнөөдөр хорт хавдартай иргэд төдийгүй өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаа хандуулдаг иргэд хилийн чинад руу явж өндөр төлбөртэй оношлогоо, шинжилгээ хийлгэх улмаар хагалгаанд орох нь Монгол ердийн үзэргдэл болсон. Үүний хэрээр мөн л жилдээ 250 гаруй сая.ам доллар гадаад ертөнц руу урсаж байгааг Эрүүл мэндийн яам тогтоосон байдаг. Тэгвэл эрүүл мэндийн асуудлаар гадаад руу чиглэх иргэдийн урсгалыг зогсоох төдийгүй валютыг эх орондоо шингээхэд чиглэсэн зорилгын хүрээнд “Эрдэнэт медикал” эмнэлгийг байгуулж, барилга тоног төхөөрөмжийг нь эхний ээлжинд хүлээн аваад байгаа. Одоо энд ажиллах эмч, мэргэжилтний нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр ажиллаж байгаа тухайгаа мэдээлсэн юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс Монгол улсын төсөвт болон орон нутгийн татварт төлөх татварыг бүрэн төлсөн, үүнийхээ хажуугаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх олон ажлыг хийснээр бусдыг араасаа үлгэрлэн дагуулах, уриалан дуудах олон ажлыг цаашид ч хийх болно гэлээ. Энэ үеэр сэтгүүлчид нийгмийн чанартай цехүүдийг хувьчлах тэр дундаа Монголдоо л ганц байх авто засварын үйлдвэр буюу Засвар механикын заводыг хувьчлах асуудал, “Хаалтын менежмент”-ын хүрээнд хийгдэж буй “Ногоон эдийн засаг”, үйлдвэрийн 49:51 хувийн эзэмшлийн талаарх ойлголт хэдий хүртэл үргэлжлэх зэрэг сэдвээр асууж хариулт авсан юм.