Хөтөлбөрийн хэрэгжилт 50 гаруй хувийн биелэлттэй байна
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     104    0
Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Энэ онд аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвөөс 71 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулж, бүтээн байгуулалтын ажил хийсэн нь өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг энэ онд 50 гаруй хувийн биелэлттэй гэж албаныхан үзэж байна. Энэ нь бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулж, гэрэлтүүлэг, зам засвар зэрэг ажлыг зохион байгуулсан нь өндөр хувьтай гарах нөхцөл үүсчээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 9600 гаруй иргэн ажилтай болсон нь байнгын ажлын байрны захиалгыг нэмэгдүүлсэн сайн талтай. Мөн энэ хугацаанд Орхон аймгийн хэмжээнд 57 үйлдвэр шинээр ашиглалтанд орсон. Үүнээс энэ онд боловсруулах чиглэлийн үйлдвэр 21, үйлчилгээний зориулалттай зургаан газар шинээр нээгдсэн нь эдийн засгийн эерэг үзүүлэлтийг харуулж байгаа юм. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэх явцад “Иргэн танаа” сонин бэлтгэж, олон нийтэд суртачлах ажил хийсэн. Мөн хэлтэс тус бүрийн ажлыг харуулсан видео танилцуулга бэлтгэж байгаагаа Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс мэдээлсэн. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт өндөр хувьтай байгаа ч анхаарах, саар зүйлүүд байгааг Засаг даргын зөвлөлийн гишүүд онцолсон. Зөвлөлийн гишүүд том оврын автобусны үйлчилгээ доголдолтой байгаа, цаашид үйл ажиллагааг нь төрөөс дэмжих тухай санал гаргасан. Мөн аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэл шинээр нээх, тогтовортой ажиллуулахад төрийн зүгээс дэмжихээ илэрхийлсэн.