Засаг даргын асуудал төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд яригдаж эхэллээ
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     122    0
Н.ТӨР            Аймгийн Засаг дарга Г.Зоригт эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх нь тодорхой болсон энэ өдрүүдэд дараагийн Засаг ноён хэн байх вэ, хэний хүн тодрох бол гэсэн горьдлого, хүлээлт Эрдэнэт хотод үүсээд байна. АН-ын фракциудын зүгээс аймгийн Засаг даргын суудлын төлөө өөрсдийн гэсэн хүнээ гаргахыг хичээж байгаа ч энэ удаад УИХ-ын дарга З.Энхболдын амыг харж байгаа. Спикер З.Энхболдын хувьд АН-ын дарга төдийгүй “Шонхор” фракцын тэргүүн. АН дахь “Ардчилсан хүчний холбоо”-ны тэргүүн гээд дурьдвал өнөөдөртөө Монголын улс төрд хамгийн гол тоглогч. Тиймээс Орхон аймгийн Засаг дарга хэн байх, ямар хүнийг дэвшүүлэх эрх нь “Шонхор” фракцид хадгалагдаж байгаа. Аймгийн АН дахь “Шонхор” фракциас хэн нэгнийг аймгийн Засаг даргаар тодруулаад асуудлыг амархан шийдчих боломж, гарц байгаа ч энэ удаад Орхон аймгийн Засаг дарга хэн байх вэ гэдэг шийдэл төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд халуухан яригдаж байна. Тэр тусмаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарын дунд та бидний хувь заяаг 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл ямар хүний гарт атгуулах вэ гэдэг хөзөр нуугдаж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар одоохондоо тус бүртээ нэг нэг хүний нэрийг гартаа атгаж байгаа гэнэ. Хэн нэгнийх нь хүн гарлаа гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг дуугүй батламжилна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарт “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, Орхон аймгийн АН-ын дэргэдэх “Ардчилсан хүчний холбоо”-ны тэргүүн Ч.Баттуяагийн нэр байгаа бололтой. Ингэхэд Ч.Баттуяа захирлын нэрийг аймгийн Засаг даргад хэн дэвшүүлж, улмаар Ерөнхийлөгчийн дэмжлэгт оруулав гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч байна.        2016 оны сонгуулиар манай аймагт нэр дэвшихээ албан бусаар зарлаж, зарим тохиолдолд Орхон аймгийн 90 гаруй мянган иргэнийг сонгуулиар амлан аваад байгаа эрхэм бол УИХ-ын гишүүн М.Батчимэг. Хатагтай М.Батчимэг Өвөрхангай аймгийн уугуул. 2012 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшин гишүүн болсон М.Батчимэгийн хувьд 2016 онд дахин тийм боломж гарахгүй учраас “Шатрын өрөг дэх Монгол” номоороо орхончуудтай танилцаж, байсхийгээд л Эрдэнэтэд үзэгддэг болсон. Хамгийн сүүлд гэхэд ойрмогхон хоёр удаа хуралдсан АН-ын ҮЗХ-ны хурлын дараа “М.Батчимэг гишүүн Орхон аймгийн АН-ын дарга болох гэнэ. Чуулганаас бусад өдөр Эрдэнэтэд ажиллаж, амьдрах юм байна” гэсэн мессеж Эрдэнэтээр ниссэн. М.Батчимэг гишүүн 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Орхон аймагт нэр дэвших учраас нэг нутаг усны Ч.Баттуяаг аймгийн Засаг даргад дэвшүүлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дэмжүүлж нэрийг нь АН-ын дарга З.Энхболдод хүргүүлээд байгаа аж. Нөгөө талаас нь харвал З.Энхболд дарга ч Өвөрхангайн хүн. Тиймээс Ч.Баттуяагийн өмнө ногоон гэрэл асаж байгаа мэт харагдавч З.Энхболд даргын гарт өөр хүний нэр байгаа ажээ. Мөн л “Шонхор” фракцийн хүн. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуягийн нэрийг УИХ-ын дарга З.Энхболд гартаа атгаж байгаа бололтой. Б.Батхуягийг аймгийн Засаг даргад зүтгүүлж байгаа хүний нэг бол УИХ-ын экс гишүүн Д.Одхүү. Д.Одхүү бол З.Энхболд даргын хүн. Энэ өнцгөөс нь харвал З.Энхболд дарга Б.Батхуягийн нэрийг гартаа лавхан гэгч нь атгачихаад байгаа болов уу.          Энэ сарын 23-ны өдөр хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит хурлын өмнөхөн Засаг дарга Г.Зоригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Өвчний учир ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдлөө өгнө. Ерөнхий сайд өргөдөлтэй танилцаад аймгийн ИТХ-д албан бичиг өгснөөр дараагийн Засаг даргыг нэр дэвшүүлэх, сонгох үйл явц хуулийн дагуу өрнөнө. Аймгийн АН дахь фракц болон зарим нэг хүний зүгээс өөрийгөө аймгийн Засаг даргад горилогч гээд бараг л зарлачихсан. Бүр зарим нь эндээ комбинац боловсруулж шийдвэрлэх мөчид ямар тоглолт хийхээ боловсруулсан ч байгаа. Нэр дэвшигчдийн дунд аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, ИТХ-ын тэргүүлэгч Д.Доржпүрэв, Эрдэнэт үйлдвэрээс “Баяжуулах фабрик”-ийн орлогч дарга, аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Батхуяг, үйлдвэрийн ХАБ-ийн хэлтсийн дарга Ч.Бямбаа нарын нэр явж байгаа. Дээрх эрхмүүдээс Д.Энхбат, Д.Доржпүрэв нарын хувьд ердөө л горилогч гэвэл үнэнд илүү нийцнэ. Тэгээд ч энэ хоёр “Шонхор”-ынх биш, дээрээ дэмжлэг, татаасгүй гэнэ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэгийг олигтой авч чадахгүй эрхмүүд. 2012 оны орон нутгийн сонгуулийн үеэр АН-ын штабын даргаар Чангаагийн Бямбаа ажилласан. Түүнийг тухайн үед Засаг дарга болно гэж зарим фракцынхан үзэж байсан ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэдийгээр Ч.Бямбаатай нэг нутгийнх ч гэлээ түүнийг дэмжээгүй. Одоо Хууль зүйн сайд Д.Дорлигжавын дэмжлэгтэйгээр аймгийн Засаг даргад хүч үзэхээр зэхэж байгаа ч түүнийг ИТХ дахь олонхийн бүлэг дэмжихгүй байх магадлалтай. АН-ын олонхийн бүлгийн гишүүдийн хувьд хэдийгээр өөрсдийгөө хэвтээ удирдлагатай, асуудлаа ардчиллын зарчмаар шийддэг хэмээн томъёолж байгаа ч З.Энхболд даргын үгнээс нэг их гарахгүй байхыг илүүд үзнэ. Яагаад гэвэл жил гаруйн хугацааны дараа дахиад л сонгууль болно.Тэр үед З.Энхболд дарга үгэнд ордоггүй, том толгойтой нөхдүүдэд хатуурхаж мэднэ гэдэг ойлголт бий. Нөгөө нэг нэр дэвшигч ГОК-д ажилтай Д.Батхуягийн хувьд АН-ын зарим фракцынхан хамгийн “боломжтой хувилбар” гэж үзэж байсан. Засаг дарга Г.Зоригт ч бүлгийн хурал дээрээ дараагийн хүнээ Д.Батхуяг хэмээн нэрлэсэн гэх сураг ажиг бий. Тэгээд ч Г.Зоригтын хувьд аймгийн Засаг даргын суудлаа өгье гэснээс биш намын даргын тамгаа өгнө гэж хэлээгүй байгаа. Намын даргын хувьд Г.Зоригт дараагийн Засаг даргын нэрийг аймгийн ИТХ-д оруулж ирнэ. Тэр нь Д.Батхуяг байх болов уу гэсэн таамаглал нэлээн өндөр авч байсан боловч өнөөх л бүлэг, фракцын зөрчлийн улмаас дараах яриаг АН-ын дэд дарга нэгэн эрхмийн зүгээс тарааж эхэлсэн бололтой. “Хэрвээ Д.Батхуяг аймгийн Засаг дарга болвол Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа зогсонги байдалд орно. Үүнээс улбаалж Ц.Даваацэрэн захирал тэргүүтэй үйлдвэрийн удирдлага аймаг, орон нутагт царайгаа харуулахгүй болно. Үүнд Эрдэнэтчүүд л хохирно. Тиймээс Д.Батхуяг л биш шүү” гэсэн тэнэмэл яриа гарч эхэллээ. Өнөө цагт хоёр хүн хэл амаа ололцож ойлголцоод хамтран ажиллах нь бүү хэл хотын гудамжаар бэлчих үхэр ч гэсэн хөлөө олоод гарцтай газраас зам хөндлөн гарч байна, цаана чинь. Энэ бүхнээс харвал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар Орхон аймгийн Засаг даргаар хэнийг тавих вэ гэдгийг шийдэж аймгийн ИТХ гар өргөн батлахаар зураг харагдаж байвч энэ асуудалд хэдийд, хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. 2011 онд МАН засгийн эрх барьж байхад эрдэнэтчүүд Засаг даргагүй орлогч даргаар удирдуулаад багагүй хугацааа өнгөрсөн. Сүүлдээ арай гэж Засаг даргатай болсон түүх нэг талаар давтагдахад ойрхон байх шиг.