Ноосоо тушаах нөхдийн нэрс албан бус байдлаар гарчээ
Хотын амьдрал 6 жилийн өмнө     172    0
МАН-ын хувьд эрх баригч хүчин АН-тай хамтран ажиллах болсноор “Шийдлийн” Засгийн газар байгуулагдан ажилдаа ороод байгаа. Засгийн газарт МАН-аас тэргүүн шадар сайдаар У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол, Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайдаар Д.Цогтбаатар, Хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг, Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүү нар ажиллаж байгаа. Тэгвэл эдгээр сайдуудын хувьд босоо удирдлагатай газруудынхаа дарга, даамлуудыг өөрчилж МАН-ын хүмүүсээр цус сэлбэх ажил тун удахгүй эхлэх гэж байгаа бололтой. Яамны сайд нь харьяа агентлаг, газар, хэлтсийнхээ дарга, удирдлагыг өөрчлөх эрх ч хоёр намын Хамтран ажиллах гэрээнд тусгалаа олсон. Тухайлбал, Сангийн сайдын мэдэлд байдаг Орхон аймгийн Гаалийн газрын дарга Д.Оюунбат, Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Уранчимэг нар хамгийн түрүүнд “ноосоо тушаана”. Д.Оюунбатын хувьд МАХН-ынх. Иймээс түүний хувьд Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсон Г.Шийлэгдамбадаа хандсанаар аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газрын дарга болох уу эсвэл 2016 оны сонгуулийг хүлээх үү гэдэг сонголт л үлдээд байх шиг. Тэдний араас ноосоо тушаагаад явах хүмүүсийн жагсаалт иймэрхүү байдлаар хөвөрч байна. Шадар сайд У.Хүрэлсүхийн харьяанд Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс гээд олон байгууллага харьяалагддаг. Манай аймгийн Онцгой байдлын газрын дарга Я.Энх-Амгалан, Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Соёлбат нар ноосоо тушаах нь ээ. Я.Энх-Амгалангийн хувьд МАХН түүнийг их ч харж үзсэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын яаманд манай аймгийн Байгаль орчны газар, Сум дундын ойн анги, Сэлэнгэ голын сав газрын захиргаа харьяалагддаг. Эндээс харвал Х.Машбат, Д.Ганболд, юу хийдэг нь тодорхойгүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй эрдэнэтчүүдийн төдийлөн сайн мэддэггүй Сэлэнгэ голын сав газрын захиргаа гэх газрын дарга В.Бат-Эрдэнэ нар шинэ он гарангуут халаагаа өгөх болов уу. Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн харьяанд Тээвэр, авто замын газар, Авто тээврийн үндэсний төвийн Орхон аймаг дахь салбар, “Орхон АЗЗАН” ТӨҮГ, төмөр замын “Эрдэнэт өртөө” гээд хэдэн газар харьяалагддаг. Эндээс харвал Авто тээврийн газрын дарга Д.Энхзориг, Авто тээврийн үндэсний төвийн Орхон аймаг дахь салбарын захирлаар томилогдоод удаагүй байгаа С.Эрдэнэцогт, МоАХ-ны дарга нэрээр “Орхон АЗЗАН” ТӨҮГ-ын дарга болсон Х.Эрдэнэцогт нар ноосоо тушаах гэнэ. Хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг томилогдсон. Түүний шууд удирдлагад багтдаг Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х.Лувсаншарав, аймгийн МСҮТ-ийн захирал Д.Хүрэлбаатар, ХАА-н МСҮТ-ийн захирал нар дараагийн хүндээ халаагаа өгөх бололтой. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын хувьд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргыг Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилуулдаг. Тэгээд ч тун удахгүй манай аймгийн Засаг дарга өөрчлөгдөх гэж байгаа. Тиймээс газрын албаны М.Манлайбаатар дарга “мэргэжлийн бус” гэдэг шалтгаанаар тун амархан суудлаасаа мултрах дүр зургийг гаргажээ. Орхон аймгийн МАН-ын хороо сайддаа таалагдаагүй, мэргэжлийн бус, өөр намын гэх тодотголтой эрхмүүдийн оронд хэний нэрийг дэвшүүлэх талаар судалгаа хийж эхэлсэн бололтой. Эндээс харвал тун удахгүй улс төрийн шинэ томилгоо хөвөрч эхэлнэ.