Нөхрийн чанар одоо л танигдах бололтой
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     119    0
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар элэг бүтэн болж түүний хэрээр АН, МАН-ыг тойрсон нам дагасан нөхдүүдийн хөдөлгөөн ихэсч, улмаар хүчээ аван төрд эргэн ирэхээр улайрч байна. “Шийдлийн” гэдэг нэртэй боловч үнэн хэрэгтээ АН-ын хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орж тэдэнтэй цуг МАН-ынхан нэг ширээнд сууж нэг тогооноос хоол халбагдах гэж байгаа гэвэл үнэнд арай дөхөж очно. МАН-ын Бага хурлаар Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орж ажиллах болсон тэр цагаас л Орхон аймгийн МАН-ын хороо хөл хөдөлгөөнд дарагдаж намаа унаж, уруудаж явсан тэр цагт нүүрээ бууруулсан нөхөд өнөөдөр өөрийгөө мэдрүүлэх, нүүрээ харуулах, улмаар засаг хуваарилалтаас бялуу хүртчих санаатай хэдэн нөхөд гүйлдэж эхэлсэн гэнэ. Бүр зарим нэг нь албан тушаалын хуваарилалт хийсэн гар зураг гаргачихаад өөрсдийгөө томд бодож МАН-ын нэрийн өмнөөс дуугарч, саналаа гаргаж Нутгийн удирдлагын ордон хавиар гүйлдэн ганц нэг хүмүүсийн үүд сахиж байгаа дүр зураг энэ өдрүүдэд харагдана. Орхон аймгийн МАН-ын хорооны даргаар Д.Батлут ажилладаг. Түүнийг аймгийн МАН-ын хорооны гишүүдийн олонхийн саналаар сонгосон байдаг. Гэтэл хуучны гэх тодотголтой олон жил МАН-ын нэрээр дарга, захирлын сэнтийд заларч байсан зарим нэг эрхмүүд өнгөрсөн цагаа мөрөөдөн хүсэмжилж, одоогийн удирдлагатайгаа түнжин хагарч эгээтэй л аймгийн МАН-ын хороон дотор бүлэг, фракц байгуулаад бужигнуулахаас наагуурыг хийж байна. Аймгийн Засаг дарга асан Д.Дэлгэрбаяр, Баян-Өндөр сумын Засаг дарга асан С.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Түмэнжаргал, аймгийн МАН-ын хорооны дэд дарга асан Д.Мөнхбат нар аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлутад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад аймгийн МАН-ын хорооны 13 тэргүүлэгчийн 5-ыг, аймгийн намын хорооны 63 гишүүний 27-г нь бидэнд өг. Тэгвэл бид гар нийлж, эвтэй найртай ажиллах болно гэсэн бололтой. Д.Дэлгэрбаяр тэргүүтний ард аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан П.Пүрэвлхагва, Баян-Өндөр сумын Засаг дарга асан Б.Жигдэнгомбо тэргүүтэй олон жил дарга явсан нөхөд эрх ямбаа мөрөөдөн хүсэмжилж гол дүрийн баатруудынхаа дээлийн захыг мушгин суугаа ажээ. Тэр бүү хэл саяхан Б.Жигдэнгомбо Улаанбаатар тийш хүлгийн жолоо залж, оюутан цагийн ангийн анд Монгол улсын Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүхэд баяр хүргэхийн зэрэгцээ бялууны хуваарилалтад оруулж өгөхийг хүссэн сураг ч бий. АН, МАН хооронд дээрээ байгуулсан хамтран ажиллах гэрээ орон нутагт хүчин төгөлдөр үйлчлэх бол Б.Жигдэнгомбо У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр аймгийн Засаг даргын орлогч болно гэсэн явган яриа ч хөвөрч байна. Дотроо чимээгүйхэн асуудлаа шийддэг гэх тодотголтой МАН-ынхны хувьд энэ удаад чимээтэйхэн шиг хөдлөх нь дээр гэж үзсэн Д.Дэлгэрбаяр, С.Жаргалсайхан тэргүүтэй нөхдийн өмнө Ч.Сайханбилэгийн буянаар албан тушаалын бялуу гарч ирсэн учраас халбага, сэрээгээ бариад хоолны ширээ рүү хошуурч байх шиг. Үнэн хэрэгтээ 2012 оны сонгуулийн ялагдлын гүн шоокноос олигтойхон ч гараагүй аймгийн МАН-ын гишүүдийн хувьд бараан өдөр үргэлжилж байгаа. Гэтэл саяхнаас үүлэн чөлөөний нар мандангуут боломжийг ашиглахыг хүсэгчид дуугаа өндөрсгөж, шаардлагаа тавьж эхэлжээ. 2012 оны 11 дүгээр сард болсон сонгуулийн ялагдлаас хойш намаа гэсэн сэтгэл гаргах нь бүү хэл намын байраараа ч ордоггүй эрхмүүд гэнэтхэн албан тушаалын бялуунаас хувь хүртэхийн тулд эр хүний 13 мэхээ хийж эхэлсэн бололтой. Нам дагасан амьдрал дунд хүмүүжчихээд намаа ялагдангуут усанд хаясан чулуу шиг сураггүй болсон нөхдүүд өнөөдөр гэнэтхэн намдаа хайр зарлаж албан тушаалын хуваарилалтын зураг гаргаж байгаа нь энэ цаг үеийн улстөрчдийн увайгүй төрхийг өөрийн эрхгүй илтгээд байх шиг. Үнэндээ сонгуулийн тэр том ялагдлаас хойш аймгийн МАН-ын нэр нүүр нь Д.Батлут, А.Түвшинжаргал, Д.Эрдэнэцэцэг нар байдаг гэхэд хэтрүүлэг болохгүй. Ядаж л энэ эрхмүүд аймгийн МАН-ын хорооны хаалга өдөр бүр нээлттэй байдаг гэдгийг хэвлэл, мэдээллийнхэнд мэдрүүлж чаддаг юм.