Б.Батхуяг: Бид гэрээн дээр Засгийн газрын квотыг суулгаж чадсан
Хотын амьдрал 6 жилийн өмнө     195    0
Газар нутаг дээр нь барилга барьж байгаа орон сууцны компаниудаас аймаг анх удаа тодорхой квотоор орон сууц авч, сан бүрдүүлж эхэлсэн. Мөн хятадын хөрөнгө оруулалттай компанид 7 дугаар хорооллын 21 га газраа эзэмшүүлэхээр өгсөн хуучин Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, тус компаниас үлдсэн газраа нэхэмжлэх зэрэг ажлыг хариуцаж байгаа аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуягтай дээрх сэдвээр ярилцлаа. -Манай аймагт Орон сууцны сан байгуулах ажлыг санаачлан ажиллаж байгаа хүнийг таныг гэж сонслоо. Бидний сайн мэддэг Төөнөгөө буюу О.Төмөрбаатарт орон нутгаас 2 өрөө шинэхэн байрны түлхүүр саяхан гардуулсан. Төөнөгөөд энэ сангаас байр олгосон уу. Гэрэл гэгээтэй сайхан ажлаа танилцуулахгүй юу? -Өнөөдөр манай хотод хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөж байна. Гэхдээ аж ахуйн нэгжүүд байшин бариад ашиг олохдоо гол нь биш. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр 2013 оноос эхлэх тусгасан нэг зүйл байгаа. Тэр нь юу гэхээр, Засгийн газрын хоёр төрлийн тогтоол байдаг. Үүнийг өмнө нь хэрэгжүүлж байгаагүй. Ач холбогдол өндөр тогтоолууд юм. Жишээ нь, Засгийн газрын нэг тогтоол нь бага , дунд орлоготой иргэдэд орон сууцыг өөрийн өртгөөр нь өгөх гэсэн заалттай. Хоёрдугаарт, тухайн хөрөнгө оруулалт, хөтөлбөрийн ажилд хоёр хувь хүртлэхийг үнэ төлбөргүй өгөх тухай заасан байдаг. Энэ заалтууд өмнөх гэрээнүүд дээр тусгагдаж байгаагүй юм байна. Мөн өмнө нь хөрөнгө оруулалт их хэмжээнд хийгддэггүй байсан. 2017 он хүртэл манай аймагт 11 мянган айлын орон сууцны байр шинээр ашиглалтанд орно гэж тооцоолсон. Тэгэхээр бид 7-р хороолол, 7А, 8 дугаар хорооолол, Говилд баригдаж байгаа орон сууцнууд, 1А , 2А хорооллын барилгын хөрөнгө оруулалтын гэрээн дээр бид Засгийн газрын тогтоолуудыг суулгаж өгч байгаа. Үүнийг юу гэж тайлбарлах вэ гэхээр, ажил нь явагдаж байгаа 7А хороолол дээр жишээ авъя. 7А хорооллын барих орон сууцны тоо нь 3800. Эдгээр байрыг 2017 онд бүрэн дуусгана. Тэгэхээр 3800 айлын орон сууцны 15 хувийг өөрийн өртөгөөр нь авах ёстой. Тэр гэрээг бид хийж чадсан. Орон нутаг өөрийн өртөгөөр нь 7А хорооллоос гэхэд 450 байр авах юм. Хоёр хувь буюу хоёр өрөө гурван байр үнэ төлбөргүй авах гэсэн заалт байгаа. 7А хорооллоос гурван байр авна гэсэн үг. Цаана нь Бурхан багшийн мэлмий дор баригдаж байгаа 1А хороолол, 8А, 2А хороолол байна. Эрдэнэтэд бүтээн байгуулалт явагдаж байгаа дээрх хорооллуудаас бид дээрх квотуудыг авах ёстой юм. Иймд аймаг дээр Орон сууцны сан үүснэ. Өөрийн өртөгөөр нь ойролцоогоор хэчнээн байр гарах вэ, 1000 орчим байр бий болох уу. Үнэ төлбөргүй шилжүүлэх байр нь хэд гарч ирэх вэ. Ингээд Орон сууцны сан маань баахан байртай болчих юм. Энэ байруудыг Засгийн газрын тогтоолоор орон нутаг өөртөө авчихаад, бага, дунд орлоготой иргэддээ хуваарилахын тулд аль багт илүү хуваарилахав, онлайн системээр явуулах уу, иргэдийн саналыг авах уу зэргийг шийднэ. Эргээд хоёр хувийн үнэ төлбөргүй байрыг иргэдийн хүлээн зөвшөөрсөн Төмөрбаатар буюу Төөнөгөө шиг хүмүүст өгөх үү зэрэг асуудал яригдаж байгаа. Хөдөлмөрийн насны залуучууд нь моргейжийн зээлэнд ороод, байр сууцаа аваад явж байна. Гэтэл бага, дунд орлоготой иргэд, ахмад дайчид, өндөр настан, төрд олон жил ажилласан хүмүүст зориулсан Орон сууцны сан гэж байгуулна. Удахгүй Орон сууцны сангийн журмын төслийг манай хэлтэс боловсруулна. Цаашилбал, 2015 оны сүүлч, 2016 оны эхээр Орон сууцны сан гэсэн захиргааны байгууллага байгуулах байх. Хуучин орон сууц хувьчлалын гэж ярьдаг байсан тийм орчныг бид үүсгэж байгаа. Энэ нь эргээд иргэдээ дэмжих том боломж болох юм. Засгийн газрын дээрх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор бид хөрөнгө оруулалтын гэрээн дээр үргэлжлүүлээд ажиллана. Манай Эрдэнэт хот 1-6 микр хороололтой, сүүлд баригдсан “Төгөл, “Тамирын 3 чулуу”, “Элит хотхон”, “Сөүл Кастл” зэрэг цөөхөн байр ашиглалтанд орсон байдаг. Тэгэхээр цаашид баригдах байрнуудын хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрын тогтоолыг заавал суулгаж өгөх юм. Энэ нь эргээд иргэдэд тустай. Хэлэлцээрийн дүнд газрын хэмжээг нэмэгдүүлэх бодлоготой -Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани 7 дугаар хорооллын газар нутаг дээр чанаргүй барилга барьснаас орон нутаг үлдсэн газраа буцааж авахаар шат шатны шүүхээр явж байгаа. Энэ газрын маргаантай асуудлын хамгийн сүүлийн мэдээлэл юу байна вэ? -Аймаг 7 дугаар хорооллын 21 га газрыг Хятад эзэнтэй “Хуанлу Хуантун” компанид эзэмшүүлэхээр өгсөн байдаг. Энэ 21 га газрын тухай Монгол даяараа мэддэг болчихож. Асуудал шүүхээр яваад, Улсын Дээд шүүхээр хянагдаад ирэхээр аймгийн Засаг дарга бол гэрээ сунгахгүй байх эрхтэй, өмнөх Засаг дарга нарын захирамж хүчин төгөлдөр бус байна гэж шүүхээр гараад байгаа. Өнөөдрийн байдлаар энэ газрын маргаан ямар түвшинд байна вэ гэхээр, барилга баригдсан байгаа хэсэг нь 3,5 га юм. Үүн дээр нь нэмээд 1 га газар өгье гэсэн хэлэлцээрийн шатанд явж байна. Яагаад энэ хэлэлцээр өрнөх болсон бэ гэхээр, уг компани олон жил энд хөрөнгө оруулалт хийсэн, инженерийн ажил гэх зэрэг эргэж харах зүйл байгаа. Иймд 1 га газрыг бид шилжүүлээд, үлдсэн 16 орчим га газрыг орон нутаг авъя гэж байгаа. Манай аймгийн төрийн санал бол ийм байгаа. Нөгөө тал ямар санал ирүүлж байна вэ гэхээр, 13 га газрыг бид төрд хүлээлгэж өгье. Харин 8 га-г бид авъя гэсэн санал тавьсан. Тэгэхээр 5,8 гэсэн квот дээр хэлэлцээр яригдаж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарсан. Тэднийхээс ч хөндлөнгийн мэргэжлийн хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид төрд 13 га газраа авчихсан. Хэлэлцээрийн үр дүнд бид төрд авах газрын хэмжээг нэмэгдүүлэх бодлоготой. Энэ асуудал оноос өмнө эцэслэн шийдэгдэх байх. Имйд шинэ оны эхнээс 7 дугаар хороолол шинэ төлөвлөлтөнд орж эхлэх юм. Архины бизнес эрхлэгчдийг өөр бизнес эрхлэх боломжийг нь хангана -Аймгийн Засаг даргын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс жижиг дэлгүүрүүдийн архи худалдаалах тусгай зөвшөөрлийг цуцлах болсон. Дэлгүүрийн эздийн зүгээс эсэргүүцэж, орон нутгийн удирдлагад хандаж байсан. Үүнийг яаж шийдэх гэж байгаа вэ? -Засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны үндсэн чиглэл дээр архины худалдааны цэгийн тоог бууруулах заалт байгаа. Манай аймагт архины худалдаа эрхэлдэг 400 гаруй аж ахуйн нэгж байна. Эдгээрээс үйл ажиллагаа тогтмол явуулдаггүй 29 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хууль тогтоомж зөрчиж, хүүхдэд архи худалдаалсан зэрэг газрын зөвшөөрлийг цуцлаад байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 390 гаруй архи худалдаалах цэг байна. Хууль тогтоомжид нийцүүлээд манай аймагт 211 архи худалдаалах, түүгээр үйлчлэх цэг байх ёстой. Гэтэл төр эргээд иргэнийхээ бизнес, санхүүд хүндрэл учруулж байгаа сөрөг зүйл гараад байгаа юм. Тэр дэлгүүрийн ард худалдагч байна, банкны зээлтэй байна. Ажилтай, орлоготой иргэнээ төр дэмжих үүрэгтэй байтал, иргэдийнхээ амьжиргаа руу гар дүрж байгаа асуудал харагдаж байгаа. Хамгийн зөв зүйтэй ярьж байгаа зүйл бол нийгэмд хар мөр дагуулдаг архины худалдаа бизнесээс татгалзаач ээ гэсэн саналыг иргэдэд тавьж байгаа. Өнөөдөр шууд таны бизнесийг хаана гэсэн байдлаар хар тамхитай адилаар хаасан юм бол байхгүй. Гэхдээ тухайн хүнд ёс зүй, нийгмийн өмнө хүлээх хариуцлага байх ёстой гэж хараад байгаа. Захирамжийн хувьд, аттестчлал явагдах гэсэн асуудал орж ирсэн. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль шинэчлэгдэж байгаа учир баарны үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүст дээрх захирамжийг цуцалсан байгаа. Цаашдаа архины бизнес эрхлэгчдийг өөр бизнес эрхлэх боломжийг нь хангаж, төсөл хөтөлбөрт хамруулах бодлогыг барьж байна. “Авлигаас ангид байх” туршлагаараа манай аймаг тэргүүлсэн -Манай аймаг 2014 оны ажлаараа “Авлигагүй аймаг”-аар шалгарлаа. Авлигын ямар үзүүлэлтийг бууруулсан, эсвэл өнгөрсөн жилээс ямар үзүүлэлт нь илүү өөрчлөгдсөн бэ? -Төрийн байгууллага иргэдэд ил тод байх ёстой. Төрд сайн, муу зүйл байж болно. Бүгдийг ил тод болго гэсэн зарчимыг барьсан. 2013 онд бид худалдан авах ажиллагааг ил тод болгож, үзүүлэлтээрээ нэлээд өндөр орж ирсэн. Энэ онд 38 байгууллагыг нэгдсэн холбоосоор холбож, цахимаар байршуулсан. Засаг даргын захирамж Эрдэнэт хотын иргэдэд ил тод болсон. Иргэдийн саналыг хүлээж авах 7035-3511 төвийн ажил өндөр түвшинтэй гарсан байна. “Авлигаас ангид байх” дээрх туршлагаараа манай аймаг тэргүүлж, шалгарсан байгаа. Үүний ард аймгийн ЗДТГ-ын хамт олны хичээл зүтгэл байгаа гэдгийг дурьдах нь зөв юм. Орхон аймгийн Авлигын индекс гэсэн ойлголтонд төрийн байгууллагын албан хаагчид холбоотой. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд холбогдоно. Бидний үнэлгээн дээр нэмэр болсон зүйл бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд нийгэмд сөрөг байдал үүсгэсэн үйлдвэртэй холбоотой асуудлыг зогсоож чадсан. Үйлдвэрт ажилд орох асуудлыг ил тод болгосон, ажилтны ёс зүйг дээшлүүлэх, авлигаас ангид байх удирдлагуудын хөрөнгө орлогыг ил байлгах зэрэг соён гэгээрүүлэх ажлыг үйлдвэр дээр үр дүнтэй хэрэгжүүлсэн. Үүнтэй уялдаад бодлого хэрэгжүүлэгч манай хэлтэс дээр олон ажил хийгдэж, үр дүнд хүрсэн. Ярилцсан М.Мөнхцэцэг