Ирэх оны төсвийн төслийг 40 тэрбум төгрөгөөр баталлаа
Эдийн засаг 5 жилийн өмнө     257    0
Аймгийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаан энэ сарын 4-нд боллоо. Хуралдаанаар “Аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2015 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай” илтгэлийг аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат тавьж хэлцүүлсэн юм. Мөн “2014 онытөсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2015 оны төсвийн төслийн тухай”  аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнэ илтгэл тавив. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд Засаг даргын орлогч Д.Энхбатын тавьсан “Аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэн үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2015 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай” илтгэлд илүү анхаарсан. Бүр зарим нэг төлөөлөгч төрийн ажлын хяналт шалгалт муу байгаа, албан тушаалтны хүнд суртлын талаар болон татварын албаны зүгээс аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа татварын дарамтын талаар шүүмжилж байлаа. Тухайлбал,  Тэргүүлэгч Д.Чулуунбат: Татварын хэлтсийн даргыг өөрчилж өгөөч -Татварын хэлтэс гэж аж ахуйн нэгжүүдийг дарамталсан газар байна. Сүүлдээ байгууллагын касснаас мөнгө булаагаад авдаг болсон. Эдийн засаг хүндэрсэн энэ үед татварынхан хянана, шалгана гээд сууж байна. Өөрсдийгөө шагнуулдаг эд нар. Түүний оронд хураадаг нь биш, хураалгадаг нь шагнуулмаар байна. Татварынханд ямар ч ёс зүй алга. Татварын хэлтсийн даргыг өөрчилж өгөөч. Төлөөлөгч М.Болдбаатар: Зориулалтын зогсоол барих шаардлагатай -Энэ онд бүтээн байгуулалтын олон ажил хийлээ. Сайн дотор саар юм ч олон байна. Энэ алдаа дутагдлыг алба, хэлтсийн дарга нар анхаарах цаг болжээ. Гэр хорооллын замын асуудал зураг төсөвгүй гэдэг шалтгаанаар хасагддаг. Баянцагаан багт ирэх жил зам тавиулмаар байна. Нийтийн тээврийн асуудалтай ширээний ард суугаа дарга нар газар дээр нь очиж танилцаач ээ. Баянцагаан багт нийтийн тээврийн асуудал маш муу. Иргэд энэ талаар маш их гомдол ирүүлдэг. Зориулалтын зогсоол хийх шаардлагатай байна. Төлөөлөгч Р.Рагчаа: “Одод” цэцэрлэг нурж унахдаа тулаад байна -Бид өөрсдийнхөө тойрог дээр хөрөнгө оруулалт хийлгэх гэж ухаан зарж хэдэн төгрөг тавиулдаг. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг ч эргээд төрийн хяналт сул, муу байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Одод” цэцэрлэг байна. Бид газар дээр нь очиж танилцсан. “Одод” цэцэрлэгийн гал тогооны өрөөнд  ямар ч агааржуулалтын систем алга. Түүнээс болоод нурж унахад бэлэн байна. 2014 онд их ажил хийхээр төлөвлөсөн боловч заримыг нь бид сайн хийж чадаагүй шүү. Үүнийг анхаарах хэрэгтэй. -Тэргүүлэгч Т.Соёл-Эрдэнэ: Гэр хорооллынхонд хандсан ажлыг оруулъя -Бид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихгүй байна. Бодлогын баримт бичигт нь маш тодорхой заалтуудыг оруулах ёстой. Ирэх жил иргэд рүүгээ хандсан тэр дундаа гэр хорооллын иргэдэд дулаан, цэвэр бохир ус түгээх заалтыг тусгах саналтай байна. -Төлөөлөгч Т.Оюунцэцэг: Татварынхан хүнд суртал гаргасаар байна -Олонхийн бүлгийнхэн та бүхэн эрх мэдлээ авсан атлаа хариуцлагаа мартаад байна. Иргэдийн сэтгэл ханамж дундуур байгаа шүү. ЖДҮ эрхлэгчдэд зээл олгохдоо мэргэжлийн ТББ-уудтай хамтран ажиллах хэрэгтэй. Хүнд суртал их байна гэж иргэд хэлдэг. Энэ  үнэн шүү, тавдугаар хорооллын 12 дугаар байрны зам үнэхээр муу болсон. Хариуцах эзэн алга. Манай зарим нөхөд хэллээ. Татварынхан аж ахуйн нэгжийг маш их дарамталж байна гэж. Энэ үнэн. Тайлангаа өгөх гээд очихлоор өөрсдөө хүнд суртал гаргадаг. Үүнийгээ болимоор байна. Өнөөдрийн энэ нийгмийг авч яваа бизнесийн байгууллагуудаа хайрламаар байна, шагнах нь байг гэхэд” гэсэн юм. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Д.Энхбат даргын тавьсан эхний асуудлыг хэлэлцээд 2014 оны үндсэн чиглэлийг 86 хувийн биелэлттэй гэж дүн тавьсан юм. Харин ирэх жилийн төсвийг 100 хувийн саналаар 40 тэрбум төгрөгөөр баталлаа. Л.Гэрэл