Нэгдүгээр ангийн хүүхдийг багш нь зодсон тухай эцэг эх нь гомдол гаргажээ
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     167    0
Лаборатори 8 дугаар дунд сургуулийн нэгдүгээр ангийн багшид хүүхдээ зодуулсан гомдлыг эцэг эх нь аймгийн Засаг даргад гаргасан байна. Тус сургуулийн бага ангийн багш н.Уранжаргал нэгдүгээр ангийн “А” бүлгийн зургаан настнуудыг энэ намар хүлээж авсан. Гэсэн ч багш уур бүхимдалаа балчир хүүхдэд гаргаж, “будгийн харандаагаар будахдаа дүрснээс илүү гаргасан байна” гэж гараа зангидаж, хүүхдийн толгой руу нь цохижээ. Мөн хүүхдүүдийг гарыг нь өргүүлж, зогсоон хашраадаг феодалын харгис хэрцгий аргаар байнга шийтгэдэг гэнэ. Багшдаа толгой руугаа цохиулсан хүүхэд тэр өдөр гэртээ хариад халуурсан байна. Хүүхэд багшаасаа айж, сургуульдаа явах сонирхолгүй болсон. Иймд энэ асуудлаар хүүхдийн эцэг эх сургуулийн бага ангийн менежертэй уулзахад, дорвитой хариу өгөөгүй аж. Аргаа барсан эцэг эх “хүүхдээ өөр ангид шилжүүлж өгнө үү” гэж аймгийн Засаг дарга дээр орсон байна. н.Уранжаргал багш чанга дуугаар орилж, хүүхдүүдийг айлгаж, дарамталдаг тухай хүүхэд аав ээждээ ярьсан гэнэ. Нэг сургуулийн хүрээнээс хальж, аймгийн дарга дээр орох хүртлээ хүч авсан хүүхэд зодсон асуудал энэ удаад тус сургуулийн захирал, сургалтын менежер гээд алба хашиж байгаа хүмүүсийн чихийг багагүй халууцуулж мэдэх нь. Гэхдээ үүний цаана хүний бага балчир хүүхдэд гарын чилээгээ гаргадаг, ууртай багш нарын ёс зүйн талаар ярих нь асуудлын гол зангилаа болох юм. Аймгийн ЗДТГ, Хууль зүйн хэлтэс болон хуулийн байгууллагуудаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сүүлийн жилүүдэд багагүй ажил хийсэн. Гэтэл бодит байдал дээр бага ангийн багш нар хүүхдийн эрхийг ноцтой зөрчин гарыг нь өргүүлж залхаан цээрлүүлэх, чанга дуугаар хашхирч дарамтлах зэрэг хүчирхийллийг өдүүлж байна. Багшийн ёс зүйн дүрмэнд хүүхдийг зодох нь бүү хэл аашлан зандрахыг ч хориглосон. Ёс зүйн дүрмээ биелүүлдэггүй, хүүхдийн эрхэнд халддаг багшид ямар хариуцлага тооцсон талаар бид эргэн мэдээлэх болно.