Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хэлэлцлээ
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     163    0
Орхон аймгийн Боловсролын салбарт энэ онд нийт 303 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэх үеэр дээрх асуудлыг танилцуулав. Боловсролын салбарт зарцуулсан үйл ажиллагааны зардлыг задлан үзэхэд, цэцэрлэгүүдийг камержуулахад 40 сая төгрөг зарцуулсан. Аймгийн хэмжээнд 5,8,9,10,16,18,20,23-р цэцэрлэгийн анги танхимд камер суурилуулжээ. Малчин багийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж, зуны гэр цэцэрлэг ажиллуулахад 5 сая, “Багш”, “Ном”, “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 55 сая, боловсролын арга хэмжээнд 20 сая, цэцэрлэгийн багш нарын илүү цагийн хөлсийг олгоход 40 сая, “Одод” цэцэрлэгийн тоног төхөөрөмж авахад 100 сая төгрөг гэх мэтээр зарцуулсан байна. Мөн “Эрдэнэт” цогцолбор сургуулийн багш нарыг шагнаж урамшуулахад 9.8 сая, Нийгмийн даатгалын санд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд 20 сая төгрөг гаргасан байна. Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн хэмжээнд боловсролын салбарыг хөгжүүлэхэд анхаарах асуудлаар хэлэлцэж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, урамшуулах арга замыг түлхүү оруулахыг зөвлөв.