Хамгийн их осол гардаг замуудын орчимд ном уншууллаа
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     232    0
“Тусгал-1” телевизээс санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт хотын орчимд авто тээврийн осол гардаг замууд дээр “Хутагт лам”-ын хийдийн лам нараар ном уншууллаа. Энэхүү олон нийтийн төлөө ажилд Замын цагдаагийн тасгаас сүүлийн жилүүдэд хамгийн олон удаагийн осол гарч, иргэдийг амь нас, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохироосон замуудыг судалгааны дагуу нэрлэсэн байна. Үүнд, Хабитатаас Булган аймаг руу явдаг зам, Наран, Цагаанчулуут багийн зааг, гэр хорооллын эцсийн буудлын наана “Вансэмбэрүү” дэлгүүрийн орчимд, Баянцагаан багийн нутагт ДЦС-ын өмнөх замуудыг анхаарал татсан зам гэж үзэж байна. Эрдэнэтийн гол хийд болох “Хутагт лам”-ын хийдэд олон жил шавилан сууж, иргэдэд танигдсан лам Д.Мөнхтогоо, Б.Ганзам нар дээрх гурван замын орчим газруудад аливаа осол гэмтлээс сэргийлэх ном уншиж, бунд хорол аравнайлах ёслол үйлдлээ. Бунд хорол гэдэг нь элдэв осол гэмтэл, хорлолоос сэргийлэх зорилгоор биедээ авч явдаг. Эсвэл аравнайлж гэр орондоо бурханы оронд тахидаг заслын хүрд юм. Уг хүрдийг лам нараар аравнайлуулж, гадуур нь шувууны үүр адил хайрцаглан осол их гардаг замын ойролцоох модонд зүүх үүргийг “Тусгал-1” Телевизийнхэн хүлээлээ. Ийнхүү ”Тусгал-1” Телевиз олон нийтийн төлөө сайн үйлсийг үргэлжлүүлэн жил бүр дээрх буяны ажлыг явуулж байхаар тогтсон байна. Л.Гэрэл