Шаардлага биелүүлэхгүй бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцно
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     108    0
МАН-ын бүлгээс өнөөдөр Ерөнхий сайдад хариуцлагагүй ажиллаж байгаа хүмүүстээ хариуцлага тооцуулахаар 10 хоногийн хугацаатай шаардлага хүргүүллээ. Энэ талаар МАН-ын дарга М.Энхболдоос тодрууллаа. -Ямар үндэслэлтэй шаардлага хүргүүлэв. Гол үндэслэл нь? -МАН-ын бүлэг ээлжит бус хурал хийж, хариуцлагагүй ажиллаж байгаа гүйцэтгэх засаглалын байгууллагын удирдлагууд сайд нар, агентлагийн дарга нар болон холбогдох хүмүүст Засгийн газрын тэргүүн хариуцлага тооцох ёстой гэж үзсэн. Ингэж байж цаашид энэ алдаа, дутагдал сайжрана гэж үзэж Ерөнхий сайдад 10 хоногийн хугацаатай шаардлагыг хүргүүллээ. Шаардах  бичиг гардуулах уулзалтын өмнө бид ном журмын дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан бичиг хүргүүлж, хүсэлтээ илэрхийлж өрөөнд нь орж уулзлаа. Өрөөнд нь орж уулзсаны төлөө дайрч орж ирлээ гэж хэлж байна.Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах их хүнд байдаг юм байна. Сөрөг хүчний дарга уулзахад ийм байгаа юм чинь жирийн иргэн уулзах бэрхшээлтэй байдаг юм байна. Хамгийн чухал нь эдийн засгийн нөхцөл байдал хүнрээд байхад энэ асуудлыг хариуцаж байгаа, хууль хяналтын байгууллагад хүний амь эрсдэж байхад холбогдох хүмүүстээ хариуцлага тооцох нь чухал. 10 хоногийн дотор хариуцлага тооцож, Засгийн газраа чадавхижуулах тал дээр шаардах бичиг өгч байгаа. -Хэрэв 10 хоногийн дотор хариуцлага тооцохгүй бол яах вэ? -Ерөнхий сайд хариуцлага тооцохгүй бол бид хариуцлага тооцдоггүй хүнтэй хариуцлага тооцох асуудлыг хөндөж тавина. -Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар бүлгийн даргатай Ч.Сайханбилэг сайд ярилцсан гэлээ. МАН-ын зүгээс хамтарч ажиллах уу? -Дэмжинэ. УИХ-аар батлагдаж байгаа бүх хууль МАН-ын бүлгийн оролцоотой байгаа. Харин сүүлийн үед Засгийн газраас өргөн барьсан хуулиуд УИХ дээр дэмжлэг авч чадахгүй байна. Жишээлбэл, Газрын тосны тухай хууль, Хяналтын тухай хууль бүгд УИХ дээр дэмжлэг авч чадахгүй байна. Бид бол цөөнх. Тэгэхээр олонхи бас энэ хуулиа өөрсдөө хүлээн зөвшөөрч, батлах тал дээр хариуцлагатай хандах ёстой.Тэр тусмаа Засгийн газар УИХ-д улс орны эрх ашигт нийцсэн, УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрсөн хуулийн төслүүдийг оруулж ирэх ёстой.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)