Х.Машбат: Модыг хоёр жил арчилж чадвал цаашид сайн ургана
Хотын амьдрал 5 жилийн өмнө     87    0
Монгол улсын Ерөнхийлөгч гурван жилийн өмнө зарлиг гаргаж, “Мод тарих Үндэсний өдөр”-ийг санаачилсан. Энэ хугацаанд улсын хэмжээнд долоон сая мод тарьж ургуулжээ. Мод тарихыг компанит ажлаар явуулахгүй, дөрвөн улирлын турш арчилж тордож ургуулах шаардлагыг Ерөнхийлөгч тавьж байгаа. Бид үндэсний өдрөөр аймгийн Байгаль орчны газрынхантай хамт явж, модны тооллого, цэнэг усалгаа хийлцлээ. Эрдэнэт хотын үүдэн хэсэг буюу Гурван замын уулзвар дээр тарьсан агч, улиас сайхан ургаж байна. Энэ үеэр аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Машбаттай ярилцсан юм. -Өнгөрсөн жил тарьсан гэхэд энэ моднууд боломжийн ургаж байх шиг харагдаж байна. Мэргэжлийн үүднээс хэр ургаж байна вэ? -Бид Гурван замын уулзвар дээр өнгөрсөн жил мод тарьсан. Ногоон хот болох зорилгоор үүднээсээ сайхан модтой байлгая гэж бодсон. Энд агч, улиас тарьсан. Бид зун нь арчилж, хамгаалж ургуулаад, одоо өвлийн бэлтгэлийг нь хангаж, намрын цэнэг усалгааг хийж байна. Өнөөдөр бидэнтэй хамт “Маргад” дээд сургуулийн Экологийн ангийн оюутнууд ажиллаж байна. Цэнэг услагаагаа хийчихээд хүн, мал оруулахгүй ажил маань үлдэнэ. Модыг эхний хоёр жил нь арчилж, хамгаалж тордох юм бол цаашид гурав дахь жилээсээ биеэ даагаад ургах чадвартай болдог. -Цэнэг усалгаа гэдэг нь өвөлжилтийн бэлтгэл гэж ойлгож болох уу? -Тэгж ойлгож болно. Цэнэг усалгаа хийснээр ирэх хавар ургах нөхцлийг нь бүрдүүлнэ. Намар сайн услахаар устайгаа хөлдөөд, хавар нь чийгээ авдаг. Хавар дөрөвдүгээр сарын сүүлээр дахиад цаслана. Эргэн тойрон дахь цасыг модны тогоо руу хийж, чийг өгнө. Ингээд эдгээр арга хэмжээг авбал мод хавар шууд ургах нөхцөл бүрдэнэ. -Энд тарьсан агч, улиас мод Монгол оронд хэр зохицсон байдаг вэ? -Улиасыг бол хүн бүхэн мэдэж байгаа. Хот суурин газар газар тарих юм бол хамгийн ихээр чийг ялгаруулдаг, нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, хурдан ургадаг мод. Агч модыг сүүлийн үед гоёлын чиглэлээр тарьж байгаа. Их гоё навчтай, хурдан ургадаг. Манай орны цаг уурын нөхцөлд зохицсон мод юм. -Энд хэдэн эгнээгээр хэд орчим мод тарьсан бэ? -Гурван замын уулзвараас 1800 км байгаа. Гурван хэсэг талбай, өргөн нь 30 метр. Хамгаалалтын хашааг наймдугаар сард барьж, сахиулд хүлээлгэн өгсөн. Энд нэгдүээр хэсэгт зургаан эгнээ, хоёр, гуравдугаар хэсэгт дөрвөн эгнээ мод байгаа. Нийтдээ зургаан эгнээгээр тарьсан мод маань оршин суугчид руу ойртож байгаа учраас нэлээд өргөн зурвас байгуулахаар төлөвлөсөн. Ийм зорилгоор нэгдүгээр эгнээгээ зургаан эгнээгээр тарьсан. -Модоо малаас хамгаалахын тулд хоёр давхар хашаа барьдаг. Энэ хавийг яаж хамгаалж байгаа вэ? Тусдаа манаачтай юу? -Бид энд төмөр замд ажилладаг хүнтэй гэрээ байгуулсан. Энэ хүн маань хашааныхаа бүрэн бүтэн байдлыг хамгаална. Гурван жил хамтран ажиллахаар ярилцсан. Цалин мөнгийг нь 2015 онд аймгийн ИТХ-д асуудал оруулахаар зэхэж байна. -Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Мод тарих үндэсний өдрийг өргөн дэлгэр хийдэг боллоо. Энэ жил хэдэн мод тарих вэ? Урьд нь  тарьсан модны ургалт ямархуу байна вэ? -Эрдэнэтчүүд мод тарих чадвартай болсон. Аймгийн хэмжээнд 2009 оныг Ногоон байгууламжийг дэмжих жил болгож зарлаад, олон сургалтуудыг явуулсан. Туршилтын журмаар мод тарьж, алдаа оноогоо олж авсан. 2010 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Ингээд жил бүр 30-35 мянган бут сөөгийг тариад байгаа. Өнгөрсөн хавар 17 мянган бут, сөөг тарьсан. Энэ намрын тарилтыг одоо эхэлж байна. Дүн тоо нь ирэх долоо хоногт гарна. Цаашид аж ахуйн нэгжүүд өөрсдөө модоо тарьдаг, арчилж ургуулдаг болмоор байгаа юм. Мэргэжлийн байгууллагын хувьд манайх 2013 оны намар, 2014 оны хавар Хүрэнбулагийн аманд мод тарьсан. Энэ модныхоо тооллогыг жилд хоёр удаа хийсэн. Одоо Мод тарих үндэсний өдрөөр арчилж, усалж, нөхөн тарилтыг хийж байна. Тэгэхээр энэ ажил маань ойгоо нөхөн сэргээж байна гэж ойлгож болно. Гурван замын уулзвар дээр тооллолго хийсэн. Хавар 47 модыг хулгайд алдсан. Үүнийг нөхөж тарьсан. Энэ есдүгээр сард тоолоход, 100 хувийн ургалттай 2600 гаруй мод байна гэж үзсэн. -Иргэд мод тариад төрөөс урамшуулал авдаг тогтолцоог Ерөнхийлөгч санаачиллаа. Энэ хэр хэрэгжиж байна вэ? -Энэ урамшуулалд хот доторх ногоон байгууламж орохгүй. Модгүй, ойгүй газарт ойжуулалт хийхэд урамшуулал өгөх юм. Ойн санд нөхөн сэргээлт хийнэ гэсэн үг. Өөрийнхөө хөрөнгөөр ойг нөхөн сэргээх зэргээр модны амьдрах чадварыг нь өндөр хувьтай болгоод, хүлээлгэж өгөх юм бол улс худалдаж авна. Мөн ойн зурвасыг бий болгоод өөрөө өмчилж авч болно. -Манай аймгийн хувьд иргэдэд ийм боломж бий юу? -Одоогоор нөхөрлөл, хоршооны эзэмшилд ойжуулалт хийж байна. Ойжуулалт хийснээс хойш гурван жилийн дараа улсад хүлээлгэж өгч байгаа. Тэгэхээр манай аймгийн нөхөрлөл, хоршооны хийсэн ойжуулалт улсад хүлээлгэж өгөх болоогүй байна. Иргэн хүн өөрөө санаачлаад ойжуулалт хийгээд, өмчилж авна гэсэн санал одоогоор ирээгүй. Аймаг Сархиа ууланд мод тариад, ойжуулалт хийсэн. Үүнийгээ улсын ойн санд хүлээлгэж өгөх нь зөв үү, буруу юу гэдэгт бид судалгаа хийж байгаа. Ингэхээр өмчийн асуудал яригдах байх. Улсын ойн санд хүлээлгэж өгвөл, төрийн өмч гээд явна.  Харин орон нутгийн өмчдөө үлдээвэл байгаль экологийн чиглэлээр ашиглаад явах боломжтой. Онолоор үзсэнээ баталгаажуулах боломжийг эндээс авдаг Д.Чимгээ “Маргад” дээд сургуулийн Менежментийн тэнхимийн эрхлэгч -“Маргад” дээд сургууль маань Байгаль хамгаалах, экологийн мэргэжлийн ангитай. Жил бүр Байгаль орчны газартай хамтарч ажилладаг. Энэ үеэр оюутнууд маань дадлагаа хийдэг. Дадлага хийхдээ хавар, намрын мод тарилт, цэнэг усалгаа, арчилгаа, зуны зэрлэг түүх зэрэг бүх ажилд мэргэжлийн ангийн оюутнууд, багш нар оролцдог. Өнөөдөр Байгаль хамгаалах, экологийн ангийн хоёр, гуравдугаар курсийн 20 гаруй оюутан ирээд байна. Манай мэргэжлийн ангид хөдөөний аймгуудаас хүүхдүүд ирсэн. Оюутнууд дөрвөн жил суралцах явцдаа Эрдэнэт хотын мод тарилтад гар бие оролцож, сурч дадлагажаад төгсөнө. Онолоор үзсэнээ амьдрал дээр баталгаажуулах боломжийг бид эндээс авдаг. Оюутнууд маань төгсөж гараад ажил мэргэжилд  нь хэрэгтэй учраас хавар, намрын мод тарих, бусад улирлын ажлуудад маш дуртай явдаг. Тойруулж хашаа барьсанд баярлалаа гэж хэлье Б.Долгормаа  “Маргад” дээд сургуулийн Газар зүй, биологийн багшийн ангийн оюутан -Бидний хийж байгаа энэ ажил усалгаа хийж байна гэсэн үг. Эхлээд цасаар бүрхүүлж нуучихаж байгаад, дараа нь усалгаагаа хийнэ. Өөрсдийнхөө гараар тарьсан модоо услаад гоё байна. Гадаа хэчнээн хүйтэн байгаа ч анги хамт олноороо хөгжилтэй сайхан байна. Бидний өнгөрсөн хавар тарьсан модны ургалт сайн, боломжийн түвшинд хүрчээ. Хавар тарьчихаад дараа нь харахад гоё болчихож, үнэхээр сэтгэл дүүрэн байна. Мөн Байгаль орчны газрынхан орчин тойрныг нь цэвэрлээд, тойруулж хашаа барьсанд баярлалаа гэж хэлье. Цэнэг усалгааны ид шидийг хавар үзнэ С.Одбаяр “Маргад” дээд сургуулийн Байгаль хамгаалал, Экологийн ангийн 2 дугаар курсийн оюутан -Өнөөдөр модны цэнэг усалгаа хийж байгаадаа баяртай байна. Бид “Маргад” дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутнууд. Ноднин бид ирж, энд мод тарьж байсан. Одоо тарьсан моднуудаа эргэж, услахад сэтгэл дүүрэн байна. Модны ургалт янз, янз байна. Хэсэг газрынх нь арай намхан, зарим газрынх нь өндөр ургасан. Мэргэжлийн ангид сурч байгаагийн хувьд цэнэг усалгааны онцлогийг одоо хийсэн ус тогоондоо тас хөлдөөд ирэх хавар болтол эндээ хадгалагдана. Харин хавар л жинхэнэ ид шидээ үзүүлнэ гэдгийг гэж мэдэж авлаа. Бэлтгэсэн Н.Төр
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)