“Очир төв” компани спортын дөрвөн төрлийг ивээн тэтгэв
Хотын амьдрал 5 жилийн өмнө     73    0
Улс төрийн ууган намын нэг болох МАН-ын Орхон аймгийн хороо байгуулагдаад өнөөдөр 40 жилийн ойтойгоо золгож байна. Эрдэнэт хотыг бүтээн босгосон илгээлтийн эзэд, анхдагчдын 40 жилийн ой энэ онд тохиосон. Эрдэнэт хотыг байгуулахаар Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн илгээлтийн эзэд тухайн үеийн МАХН-ын үүрийг Эрдэнэт хотод байгуулж байжээ. Тус намын дэргэдэх Иргэний боловсролын академи мөн 40 нас хүрч байна. Марксизм ленинизмийн оройн дээд сургууль нэртэй байгуулагдаж, намын боловсон хүчнээ бэлтгэдэг уг сургууль одоо Иргэний боловсролын академи нэртэй болсон. Одоогийн сөрөг хүчин МАН-ын Орхон аймгийн хороо энэ сарын 15-нд түүхэн ойгоо тэмдэглэхээр гишүүд, дэмжигчдийнхээ дунд спортын болон бусад ажлуудыг зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын хороо спортын арга хэмжээний нээлтээ хийлээ. Уг спортын арга хэмжээнүүдийг “Очир төв” ХХК ивээн тэтгэж байна. Спортын өдөрлөгийн нээлтийг аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут, “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир нар нээв. Сагсан бөмбөгийн төрөлд 24 эрэгтэй баг тамирчид, эмэгтэй найман баг тамирчид, нийт 32 тамирчин оролцсон байна. Харин гар бөмбөгийн төрөлд 22 багийн тамирчин хурд, хүчээ сорьсон юм. Дээрх тэмцээний төрлүүдэд дунд сургуулийн сурагчдаас эхлээд ахмад настан гээд нийт 726 тамирчин оюун ухаанаа сорьжээ. Мөн шатрын тэмцээнд нас харгалзахгүй 70 хүн оролцсон нь сонирхолтой тэмцээний нэг болсон гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Дээрх сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, шатрын дөрвөн төрөлд нийт 700 гаруй хүнийг оролцуулсан нь хамрах хүрээний хувьд ойрын үед зохиогдоогүй томоохон ажиллагаа боллоо. Уг тэмцээнүүд ”Хангарьд” спорт ордонд үргэлжилж байна. Л.Гэрэл
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)