Орхон аймгийн МАН-ын хорооны 40 жилийн ой тохиож байна
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     118    0
Орхон аймгийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой энэ сарын 15-нд болно. Тэртээ 1974 оны гуравдугаар сарын 22-ны өдөр тухайн үеийн МАХН-ын Төв хорооны шийдвэрээр илгээлтийн эздийн хөдөлмөр, их бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн энэ газарт МАХН-ын үүр байгуулах шийдвэр гарч байжээ. Аймгийн МАН-ын хорооноос түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг гарч олон ажил хийхээр төлөвлөсөн байна. 40 жилийн ойн баярын хүрээнд намын гишүүн дэмжигч, сонгогч түмэн эрдэнэтчүүдээ хамруулсан спортын наадам уралдаан тэмцээн зохион байгуулахаар болсон байна. Тухайлбал, хүүхдүүдийн дунд 3 насны ангиллаар шатрын тэмцээн, намын анхан шатны байгууллагын ажилтан, залуусын дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн явуулах юм. Үүний зэрэгцээ аймгийн МАН-ын түүхийг агуулсан фото зургийн үзэсгэлэн гаргаж, баримтат кино хийн, ном гаргаж, 40 жилийн ойн медаль бүтээжээ. Мөн энэ үед тус намын дэргэдэх Иргэний улс төрийн боловсролын академийн 30 жилийн ой давхар тохиож байна. 1984 онд болсон МАХН-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөс Эрдэнэт хотод Улс төр марксизмын их сургуулийг байгуулах шийдвэр гаргасан байдаг аж.  Одоо энэ сургууль 2013 онд хуралдсан МАН-ын 20 дугаар  их хурлаар батлагдсан дүрмээр Иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий  Иргэний улс төрийн боловсролын академи болон өөрчлөгдсөн байдаг. Улс төр, удирдахуйн ухааны чиглэлээр дээд боловсрол олгох энэхүү академийн 30 жилийн ойг аймгийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойтой хамтатган тэмдэглэж байна. Э.Оюунсайхан