Ээжүүд Баян-Өндөр хайрханд сүүн цацал өргөлөө
Хотын амьдрал 5 жилийн өмнө     70    0
Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Гончигсүмлэн хийдээс Цагаанчулуут багийн захиргаатай хамтран Баян-Өндөр уулыг аргадаж, сүүн цацал өргөх ёслол хийлээ. Энэхүү буяны ажиллагаанд Цагаанчулуут багийн 50 гаруй ээж, эмэгтэйчүүд оролцож, сүүн цацлаа өргөсөн юм. Эрдэнэтчүүдийн хувьд Баян-Өндөр уулаа хайрхан хэмээн шүтэж, ээжүүд, айл гэрийн эзэгтэй нар цай идээнийхээ дээжийг өглөө бүр өргөж, нэг ёсондоо тайж тахиж ирсэн уламжлалтай. Өгөөж буянаа зон олондоо харамгүй хайрлаж, ач ивээлдээ дааж явдаг Баян-Өндөр ууландаа сүүн цацал өргөх ёслолыг А.Гурван-Эрдэнэ хамба ламтай Гончигсүмлэн хийдээс санаачлан Цагаанчулуут багийн ээжүүд оролцож байна. Уул ус, лус савдгийг аргадсан ийнхүү сүүн цацал өргөх ёслол нь эртнээс улалмжлалтай төдийгүй шашны томоохон зан үйл үйл юм. Уул усаа аргадан, цагаан идээний дээжээ өргөн, үр хүүхдийнхээ хувь заяа, ирээдүй хойчийг даатган залбирсан шашны энэхүү зан үйлээр ээжүүд хурайлан, тэнгэр бурханаас ач ивээл гуйсан юм. Сэтгэл зөөлөн, зөв явахын эхлэл сүү, цагаан идээгээр цацал өргөх ёслолыг үеэр Цагаанчулуут багт байрладаг гэр хорооллын эцсийн буудал дахь Гончигсүмлэн хийдийн лам хуврагууд ном хурж, ерөөл тавьлаа. Дээрх шашны ёслолын дараа сүүн цацал өргөсөн ээжүүдээс хамгийн гоё цацалтай, халбагатай хүмүүсийг шалгаруулж, урамшуулсан юм. Сүүн цацал өргөж, Баян-Өндөр уулаа аргадаж, ном хурсан ажиллагаа жил бүр уламжлал болон явагдаж байх юм байна. Л.Гэрэл
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)