Дарга нар 5.8 тэрбум төгрөгийн үнэтэй 236 автомашин унадаг
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     77    0
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд “Орон нутгийн өмчийн талаар баримталж буй бодлого, цаашид тавих зорилтын тухай” асуудлыг Өмчийн харилцааны газрын дарга Б.Хүрэл-Эрдэнэ хариуцан хэлэлцүүлэх байсан. Хоёр удаа Тэргүүлэгчдийн хурлын хэлэлцэх асуудлаас хойшлогдож байсан уг бодлогын асуудлыг Өмчийн харилцааны газрын  Өмчийн бүртгэл, ашиглалтын тасгийн дарга Ц.Эрдэнэчимэг тавьж хэлэлцүүллээ. Түүний тавьсан илтгэл нь орон нутгийн өмчийн талаар баримталж буй бодлогын талаар биш өөр асуудал байсан. Өмчийн харилцааны газрын жилийн ажлын тайлан байна хэмээн Тэргүүлэгчид бухимдаж асуух асуулт, хэлэх саналаа ч олсонгүй. Аргаа бараад Тэргүүлэгчдийн зүгээс энэ онд багтааж Орон нутгийн өмчийн талаар баримтлах цогц бодлого боловсруулж, хурлын нэгдсэн хуралдаанд оруулахыг Өмчийн харилцааны газарт даалгаснаар асуудал өндөрлөсөн. Харин энэ хэлэлцүүлгээс сэтгүүлчид манай аймаг хэдий хэмжээний үндсэн хөрөнгөтэй, дарга нар хэдэн машин унадаг вэ гэх зэрэг олон хэрэгтэй мэдээллийг олж авсан юм. Эндээс харвал Өмчийн харилцааны газрын 2013 оны санхүүгийн тайлангийн жилийн эцсийн үндсэн хөрөнгийн нэгтгэлд Орхон аймгийн орон нутгийн өмчит 87 байгууллага хамрагдаж, нийт 215.8 тэрбум төгрөгийн хөрөнгө тоологджээ. Үндсэн хөрөнгийг ангилвал, барилга байгууламж 148.8 тэрбум, дуусаагүй барилга байгууламж 10.5 тэрбум, тоног төхөөрөмж 34.6 тэрбум, тээврийн хэрэгсэл 5.8 тэрбум, тавилга эд хогшил 4.2 тэрбум, бусад үндсэн хөрөнгө 11.01 тэрбум, түүх соёлын дурсгалт зүйлс 636.7 сая, номын фонд 112.0 сая, биет бус хөрөнгө 151.0 сая төгрөг байна. 2013 онд орон нутгийн өмч 14 тэрбум 610 сая 300 мянган төгрөгөөр нэмэгдэж, 739.8 сая төгрөгөөр буурсан байна. Төрийн болоод орон нутгийн өмчит 39 байгууллагад 5.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 236 тээврийн хэрэгсэл ашиглагдаж байгаа ажээ. Өмчийн харилцааны газраас Засгийн газрын 2007 оны албан газруудын тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах тухай 349-р тогтоол, 2014 оны төсөв хэмнэх тухай147-р тогтоолуудыг үндэслэн төсвийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн тооллого шалгалтыг явуулахаар төлөвлөжээ. М.Мөнх
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)