Гурван үйлдвэр хаалгаа нээж, 30 гаруй хүн ажлын байртай боллоо
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     74    0
Өнөөдөр морин цагт Баян-Өндөр сумын Говил багт гурван үйлдвэр үүдээ нээж 32 хүн шинээр ажлын байртай болсон юм. Өнөөдрийн энэ гурван үйлдвэр бусдаасаа ялгаатай, өвөрмөц онцлогтой. “TD Led”ХХК байгальд хор нөлөөгүй, гаднаас импортолдог бүтээгдэхүүнийг Монголд анх удаа, тэр дунддаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт ашиглалтад оруулж байна. “TD Led” ХХК-ийн хамт олон Монголд анх удаа Лед гэрлийн үйлдвэрлэлийг бүтээн байгуулж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. Тэдний Лед гэрэл нь “Cree”, “Epistar”, “Bridgelus”, “Osram” зэрэг Америк, Тайвань, Герман улсад үйлдвэрлэсэн брэндийн чиптэй, “Mean well” брэндийн драйвер бүхий өргөн сонголт, чанарын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “TD Led” ХХК-ийн Эрдэнэт хотод үйлдвэрлэсэн Лед гэрэл нь аж ахуйн нэгж байгууллагын дотор, гадна гэрэл гэрэлтүүлгийн тусгал болохын зэрэгцээ эднийх таны хэрэглэж буй эрчим хүчний зарцуулалтыг хэмжиж түүнд тохирох Лед гэрэл, гэрэлтүүлгээр солих аж. Ингэснээр тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүүг хэмнэж, эрүүл орчинд ая тухтай, ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа аж. Та бидний сайн мэдэх ОХУ, Хятад улсад үйлдвэрлэсэн гэрлийн ламп нь эрчим хүч их зарцуулдаг, ачаалал даах чадвар муу, ашигт үйлийн коэффицент буюу ашигтай ажиллах цаг нь ердөө л 1000-1500 цаг, зарим тохиолдолд сар ч бололгүй шатчихдаг. Тэр дундаа ламп нь маш их халж орчны агаарыг бохирдуулдаг бол “TD Led” ХХК-ийн Лед гэрлийг асч байх үед гараар барихад халдаггүй, халсан агаарыг гадагшлуулдаггүй зэрэг давуу тал, онцлогтой. Нэг үгээр хэлбэл цахилгаан зарцуулалт маш бага таны гэрлийн мөнгийг 50-60 хувь хүртэл хэмнэж чадах бүтээгдэхүүнийг энэ үйлдвэрийн хамт олон хэрэглэгчиддээ санал болгож байгаа юм. Энэ чанар нь өнөөгийн эко системд нэн тааламжтай нөхцөл бүрдүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, агаар дахь хүлэмжийн хий өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа энэ цагт “TD Led” ХХК-ийн хамт олон хүлэмжийн хийг бууруулах байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Лед гэрлийн үйлдвэрийн нээлтийн ажиллагаад аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн зэрэг албаны хүмүүс оролцсон. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх хэлсэн үгэндээ “Намрын налгар нар ээсэн энэ өдрүүдэд Эрдэнэт хотод бараг л өдөр бүр нэг шинэ жижиг, дунд үйлдвэр үүд хаалгаа нээж байна. Тэр дундаа өнөөдөр гурван ч үйлдвэр үүдийн тууз хайчлах гэж байна. Монгол улсын Засгийн газар, аймаг орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэийг бодлогоор дэмжиж ирсэний үр дүн өнөөдөр энд харагдаж байна. Ялангуяа “TD Led” компанийн хамт олон импортын түүхий эдийг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо хийж байгаа нь бусдаас давуу талтай. Эдний хамт олны өмнө Эрдэнэтийн, Монголын зах зээлийг хангахаас гадна экспортод гаргах боломж бүрэн нээгдэж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн: “Манай үйлдвэрийн зүгээс дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа. Үйлдвэрийн бүсийн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг шинэчлэх, сайжруулахаар ажиллаж эхэлсэн. Ийм цаг үед энэ үйлдвэр ашиглалтад орж байгаад баяртай байна. Манай үйлдвэр цаашдаа “TD Led” компанитай хамтран ажиллах болно. Нэмүү өртөг шингэсэн дотоодын тэр дундаа Эрдэнэтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бий болгож байгаа тус үйлдвэрийн хамт олонд баяр хүргэн амжилт хүсье” гээд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний хамт өргөн барьсан юм. Энэ үеэр “БМ Фүүдс” ХХК байгалийн гаралтай тэжээллэг “Боза” ундаа, бага насны хөвгүүд, охидод зориулсан “Жаал” нэрийн ундаа, “IEco” нэрийн цэвэр усны үйлдвэрээ нээж ашиглалтад оруулж байна. Насанд хүрэгчдийн “Боза”, охид, хөвгүүдийн “Жаал” ундааны хувьд Монгол орны шимт хөрсөнд ургуулсан үр тариаг тусгай технологиор бэлтгэж түүнд агуулагдах тэжээллэг нэгдлүүдийг хадгалж, зориулалтын техник, технологиор боловсруулсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн эрүүл мэндийн тэжээллэг ундаа үйлдвэрлэж байна. “IEco”брэндийн цэвэр усны хувьд осмосос технологийн шүүлтүүрээр шүүсэн байгалийн гаралтай цэвэр ус юм. Ийнхүү гурван үйлдвэр шинээр үүд хаалгаа нээж 32 өрх гэрийн хойморт инээд хөөр, баяр жаргал авчирсан өдөр боллоо.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)