С.Цэндсүрэн, Р.Оросоо, Н.Энэбиш нарыг аймгийн “Хүндэт иргэн”-ээр тодрууллаа
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     80    0
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын Зөвлөлийн хамтарсан хуралдаан болж, С.Цэндсүрэн, Р.Оросоо, Н.Энэбиш нарыг Орхон аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнах шийдвэр гаргажээ. Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанд аймгийн “Хүндэт иргэн”-ээр шалгаруулахаар 15 хүний нэрсийг холбогдох албадынхан оруулж ирж, түүнийг нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд хэлэлцээд дээрх гурван хүнийг шагнахаар тогтсон байна. Шагналыг ирэх өдрүүдэд болох анхдагч илгээлтийн эздийн баяраар гардуулах ажээ. Монгол улсын гавьяат багш С.Цэндсүрэн нь Эрдэнэтийн сургуулийн анхны захирлаар Булган аймгаас томилогдон ирж ажилласан анхдагч, тракторын жолооч Р.Оросоо нь Эрдэнэтийн анхдагч илгээлтийн эзэн юм. Та бидний сайн мэдэх нэгдүгээр микрт, Захиргааны гуравдугаар байрны хойно байдаг трактортой хөшөө бий. Энэ тракторыг анхдагч, илгээлтийн эзэн Р.Оросоо жолоодож байжээ. Харин Н.Энэбишийг эрдэнэтийнхэн андахгүй. Тэрбээр Эрдэнэтийн овооны анхдагчдын нэг агаад, Эрдэнэт хотын үйлдвэрчний эвлэлийн анхдагч төдийгүй удирдлага нь байсан билээ. Орхон аймгийн “Хүндэт иргэн” цолыг өргөмжлөл, 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал, дурсгалын тэмдэг дагалддаг байна. Томоохон тэмдэглэлт үйл явдал, түүхт ойн жил аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын Зөвлөлийн хамтарсан хуралдаанаар “Хүндэт иргэн”-ийг тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил гэхэд Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нарт “Хүндэт иргэн” цол тэмдгийг олгсон байдаг. Орхон аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр Д.Банзрагч, Д.Цэвээн, Г.Галсанцэрэн, Д.Даваа, Чкашов И.В, Д.Лхагвасүрэн, Ц.Элбэгдорж нарын хүмүүсийн Эрдэнэт хотын хөгжлийн төлөө оруулсан хувь нэмрийг үнэлж шагнасан байдаг.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)