Эрдэнэт хотыг ардчилсан хувьсгалын өлгий хэмээн онцлов
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     57    0
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хоёрдугаар сарын 11-ний өдрийн хурлаар нэлээн хэдэн асуудал хэлэлцэв. Тэргүүлэгчдийн хуралдаан өглөө 09.00 цагт зарлагдсан хэдий ч өнөөх л уламжлал ёсоор дарга нарыг нэг цаг шахам хүлээсний эцэст дөнгөж 50 гаруй хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Энэ удаагийн хуралд дарга Б.Мягмарсүрэн, тэргүүлэгч Ш.Ганбат, Р.Рагчаа, Д.Доржпүрэв, Т.Соёл-Эрдэнэ нар бусдыгаа хүлээж цаг гаруй суусны эцэст МАН-ын бүлгийн дарга Д.Батлут орж ирсэнээр хурал эхэлж долоон асуудал хэлэлцэхээр болсон. Ер нь  сүүлийн үед аймгийн ИТХ-ын хуралдаан, тэргүүлэгчдийн хурал ирц бүрдэх тал дээрээ асуудал үүсгэж байгаа. Хурлын дарга Б.Мягмарсүрэнгийн зүгээс Ажлын албаны ажилтнууддаа төлөөлөгч, тэргүүлэгчдийг хуралд нь оруулж ирэхийг шаарддаг ч төлөөлөгчид  аймгийн ЗДТГ-ын албан өрөө хэсэж хувийн ажлаа амжуулсан шигээ явдаг.  Зарим нэг төлөөлөгч халуун кофе ууж “Надтай надгүй эхэлчих байлгүй” гэсэн янзаар асуудалд ханддаг дүр зураг нэгэнт тогтсон. Орон нутгийн сонгуулийн үеэр нэр дэвшиж явахдаа “Сонгогч та нарынхаа төлөө унтах нойр, идэх хоолоо умартан байж чөмгөө дундартал  зүтгэнэ. Та минь л миний төлөө саналаа өгөөрэй” хэмээн хошуу цорвойж явсан эрхмүүд өнөөдөр алхаа нь удааширч хэзээний том даргын буурь суучихсан “Чи чинь хө юу билээ” хэмээн сонгосон сонгогчоо танихгүй болтоо томорсон нь ажилдаа хандаж байгаа тэдний илрэлээр харагддаг. Мөнгө хөрөнгө батлах, эрх мэдэл хуваарилах хурал болоход бүгд ирчихсэн шивэр авир хийж суудаг нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн өнгө. Зарим нэг төлөөлөгч, тэргүүлэгч эрхмүүд Улаанбаатарт амьдардаг болсон. Сүүлдээ Монгол улсын Ерөнхийлөгчтэй барьцдаг ч юм уу, хуралдаа ирэх нь ховордсон. Улсын Ерөнхийлөгч бол Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу УИХ-ын хуралдаанд тааллаараа оролцдог. Ийм л нэг ээлжит хуралдаанаар аймаг, орон нутгийн өмнө тулгамдсан зарим асуудлыг хэлэлцлээ. Энэ өдрийн хэлэлцсэн асуудлын хамгийн эхэнд МоАХ-ны Орхон аймаг дахь салбараас 1989 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулж 1989 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр болсон тайван жагсаалыг аймгийн ИТХ-аас ардчилсан хувьсгалын анхны цуглаан байсныг тогтоолгох явдал байлаа. Үүний дагуу Барилгачдын талбайгаас Хүүхдийн ордны уулзвар хүртэлх Д.Сүхбаатарын өргөн чөлөөг Ардчиллын өргөн чөлөө хэмээн нэрлэх, Захиргааны гуравдугаар байрны ханан дээр байх К.Маркс, В.И.Ленин нарын толгойг буулгаж оронд нь “1989 оны 12 дугаар сарын 3-нд Монголын анхны улс төрийн тайван жагсаал Эрдэнэт хотод болжээ” гэж бичих, Эрдэнэт хот руу орж ирдэг хоёр талын хаалган дээр “Ардчиллын өлгий хот Эрдэнэт” гэж сийлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ. Энэ асуудал ихээхэн маргаан мэтгэлцээн өрнүүлсэн юм. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ш.Ганбат “Энэ асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. 1989 оны арванхоёрдугаар сарын 3-ны цуглаан Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын анхны тайван жагсаал болсон гэдгийг шинжлэх ухааны талаас нь хэлэлцэж баталсан зүйл байна уу. Энэ өдрөөс өмнө “Эрдэнэт үйлдвэр” дээр жолооч нар ажилт хаялт хийж байсан түүх бий. Эндээс харвал түүхэн цаг хугацаа улам урагшлах юм биш үү. Баримт талаас нь авч үзэх харуулах зүйл байна уу” хэмээсэн юм. Энэ асуудлыг хуралд оруулж ирсэн Орхон аймгийн МоАХ-ны дарга Д.Эрдэнэцогт нар тухайн үеийн түүхийг өгүүлсэн иргэдийн ярилцлага бүхий ном бусад эх сурвалжийг тэргүүлэгчдэд ирүүлсэн байлаа. Мөн тэргүүлэгчид Маркс, Лениний мазокыг буулгах нь ямар ашигтай, үр дагавартай болох, Д.Сүхбаатарын өргөн чөлөөг Ардчиллын өргөн чөлөө болгоход ямар байх талаас нь харах вэ зэргээр нэлээн маргалдсан. Тэргүүлэгч Д.Доржпүрэв “Бид ардчиллын өлгий хот гэчихээд хот руу ороод ирэхэд Маркс, Лениний хөшөөний зураг муухай харагддаг. Үүнийг солих хэрэгтэй” гэв. Тэргүүлэгч Р.Рагчаа “Маркс, Лениний тэр мазокны зургийг аваад жаазлаад аймгийн музейд өгчих. Тэнд л энэ хоёр хүний зураг байсан юм шүү гэдгийг үзсэн хүмүүс хараг л дээ. Тэгээд оронд нь өөр юм хийх хэрэгтэй” гэж мэдэгдлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Батлут “Дээрх өөрчлөлтүүдийг хийхэд хаанаас ямар хөрөнгө мөнгө гаргах юм бэ. Төсөвт суулгасан юм уу” хэмээн асуухад аймгийн МоАХ-ны зүгээс “Хөрөнгө мөнгийг босгох боломжтой” гэсэн хариулт өглөө. Ийнхүү нэг асуудлаар удтал мэтгэлцсэний дараа тэргүүлэгчид “1989 оны 12 дугаар сарын 3-нд Эрдэнэт хотод улс төрийн анхны тайван жагсаал болсон, ардчиллын өлгий хот мөн” гэсэн тогтоолыг гаргахаар болсон юм. Харин нэрэмжит гудамжтай болох, Маркс, Лениний “хөшөөг” солих, Эрдэнэт рүү орж гарах хаалган дээр “Ардчиллын өлгий хот” хэмээн сийлэх зэрэг олон ажлыг аймгийн Засаг дарга асуудал боловсруулж оруулж ирэхээр тогтлоо.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)