ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АШИГЛАЖ БУЙ ХИМИЙН БОДИСУУДЫГ АНГИЛЖ, ХАЯГЖУУЛНА
Уул уурхай 1 сарын өмнө     80    0

 Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн химийн инженерүүдийн санаачилгаар үйлдвэрийн хэмжээнд ашиглагдаж байгаа химийн бодисуудыг ангилах, хаягжуулах төсөл энэ онд хэрэгжинэ гэж тус лабораторийн эрхлэгч Б.Анхзаяа ярилаа. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрт ашигладаг 332 нэр төрлийн 100 гаруй мянган тонн химийн бодисыг хаягжуулах бэлтгэл хангагдаж, хэвлэлтийн эх бэлтгэл хийгдэж байна. Ангилж, хаягласнаар Монгол улсад мөрдөж буй хууль, стандартад нийцэхээс гадна  уг химийн бодис ямар өндөр зэрэгт хамаарах, алдагдсан тохиолдолд авах арга хэмжээний мэдээлэлтэй байх,  ажилтныг илүү мэргэшүүлэх зэрэг олон талын боломж бүрдэх аж. 

 Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн харьяа Химийн төв лаборатори 1978 онд байгуулагдсан. Үйлдвэрлэлийн технологийн процессын бүрэн хяналтууд, судалгаа шинжилгээний ажлын аналитик, экспортын бүтээгдэхүүн зэс молибдены  баяжмалын химийн сорилт шинжилгээ, технологийн ус, төрөл бүрийн металлын хайлшнууд, орчны болон эрүүл ахуйн химийн шинжилгээнүүд хийх үндсэн зорилготой. Тус лабораторийн зэс молибдены химийн шинжилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд 2020 онд 10 дахь удаагаа итгэмжлэгдэж, тохирлын гэрчилгээгээ авчээ. “Бид лабораторидоо АНУ-д үйлдвэрлэсэн ICP-OES спектрометр болон хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, олон үзүүлэлтийг зэрэг хийх зориулалттай тоног төхөөрөмжүүд авсан. Мөн АНУ-ын “Pinaacle-900 F” төрлийн атом шингээлтийн спектрометр авах тендер зарлагдаж, гэрээ байгуулагдсан. Тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийснээр 33 хүртэл химийн элементийг нэгэн зэрэг үзэх боломж бүрдэж, химийн шинжилгээний аргачлал сайжирч байна” гэж тус лабораторийн удирдлага онцлов.