Аймгийн Онцгой комиссынхон мөнгө хураах шийдвэрээ ил болгочих л доо, юуг нь нууцлаад байгаа юм бэ
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     558    0

“Улаанбаатарт 72 цагийн хүчинтэй Пи Си Ар шинжилгээ өгсөн иргэдээс Эрдэнэтэд 25 мянган төгрөг дахин хурааж, түргэвчилсэн оношлуурын шинжилгээ авч байна” гэсэн иргэдийн гомдол, мэдээллийн дагуу Жаргалантын пост дээр очлоо. 

Постон дээр Улаанбаатар хотоос Орхон аймаг руу орох болон гарахаар эрүүл мэндийн асуудал, буяны ажил, хүнсний түгээлтийн автомашины жолооч зэрэг хүндэтгэх шалтгаантай арав гаруй автомашинтай 20-иод хүн хүлээж байсан. Улаанбаатараас ирсэн хүмүүс Пи Си Ар шинжилгээ өгөөд, Сөрөг гарсан хуудсаа үндэслэн, Орхон аймаг руу явах эрхээ Нийслэлийн Онцгой комиссоос авсан. Энэ шинжилгээ нь 72 цагийн дотор Монгол улсын бусад аймагт нэвтрэхэд хүчинтэй. Гэтэл Жаргалантын постон дээр Улаанбаатараас Пи Си Ар шинжилгээ өгсөн  иргэдээс 25 мянган төгрөгийн үнэтэй түргэвчилсэн оношлуурын шинжилгээ дахин авч байсан үйл явцтай таарсан юм. Шинжилгээ авч байгаа гэр дотор төлбөр авах дансны дугаарыг ил байрлуулжээ. Энэ дугаарт төлбөрийн мөнгө шилжиж орсон бол иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөөд түүний дараа нэвтэр вийзээ даруулдаг аж.

Пост дээр ажиллаж байгаа Орхон аймгийн Онцгой байдлын газрын ажилтан н.Эрдэнэхүүгээс энэ талаар асуухад “Дээрээс ирсэн шийдвэр. Би сайн мэдэхгүй, асууж хариу өгье” гэсэн.

 

Нөхөр бид хоёрыг 50 мянган төгрөг төл гэж байна

                                                                                                                         

Нөхрийнхөө хамт Эрдэнэт рүү хүнсний тээвэр хийдэг эмэгтэйтэй ярилцлаа. “Бид хоёр энэ мягмар гарагт шинжилгээ өгөөд 22.00 цагт Сөрөг гэсэн хариугаа аваад хотоос гарсан. Баянчандмань, Баруунхараа, Дарханы постон дээр шинжилгээний бичгээ үзүүлээд ямар ч асуудалгүй энд ирсэн. Гэтэл Эрдэнэт рүү орох гэтэл нөхөр бид хоёроос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна. Нэг хүний 25 мянга, нийлээд 50 мянган төгрөг төл гэж байна. Энэ арай дэндэж байна. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт өгсөн Пи Си Ар шинжилгээгээр нэвтэрч байсан. Өнөөдөр 25 мянган төгрөг авна гэнэ. Хаанахын шийдвэрээр давхар мөнгө хурааж байгаа нь тодорхойгүй. Энд мөнгөгүй хүн ч байна. Цар тахлаас болоод эдийн засаг хүндэрсэн үед 25 мянган төгрөгөөр түргэвчилсэн оношлуурын шинжилгээ авч байгааг буруу гэж үзэж байна” хэмээн бухимдангуй ярьлаа.

Орхон аймаг ядарсан иргэдээ яагаад 25 мянгаар торгоод байгаа юм бэ

Улаанбаатар хотын харьяат эмэгтэй “Би нөхөр, том хүүгийн хамт Эрдэнэт хот ороод буцаж явна. Бага хүүгээ эмээ өвөөгөөс нь аваад явж байна. Гурван хүн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд 75 мянган төгрөг төллөө. Ингэж шинжилгээний мөнгө давхар авч байгаа газар бол ганцхан Орхон аймаг л байна. Улаанбаатарт хийлгэсэн Пи Си Ар шинжилгээ 72 цагийн хугацаанд хүчинтэй гэж Улсын Онцгой комисс нь хэлээд байдаг. Гэтэл Орхон аймаг яагаад ядарсан иргэдээ 25 мянган төгрөгөөр торгоод байгаа юм бэ. Энд зугаалж яваа, баярлах гэж ирсэн нэг ч хүн алга. Ар гэрийн гачигдлаар аргагүйн эрхэнд цар тахалтай үед нааш цаашаа зорчиж яваа ядарсан иргэдээ 25 мянган төгрөгөөр шийтгээд байдаг” гэж ярьсан юм.

 

Мөнгөгүй жолооч нар постон дээр хонож байна

“Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатараас хүнс ачсан машины жолооч, туслах хоёроос заавал 25 мянган төгрөгөөр шинжилгээ авна гэсэн. Мөнгөгүй жолооч нар постон дээр хоносон. Ялангуяа жимс ачсан машины жолооч нар аргаа барж байсан. Шөнө жимс нь хөлдсөн байх. Жирийн иргэд нь амьдрах гэж аргаа барж байхад дарга нар ямар ичмээр юм бэ” гэж аргаа барсан эмэгтэйтэй таарлаа.

Дээрх бодит байдлаас харвал Жаргалантын постон дээр ойлгомжгүй зүйл их байна. Аймгийн Засаг дарга С.Батжаргалын захирамжаар уу, эсвэл Улсын Онцгой комиссын шийдвэрийг Орхон аймгийн Онцгой комисс дур мэдэн өөрчилж, иргэдээс дахин 25 мянган төгрөг хурааж байна уу.

Энэ тухай танилцуулсан алга дарам цаас тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад байсангүй. Ямар сайдын даргын, аль эсвэл аймгийн Засаг даргын захирамжаар 25 мянган төгрөгөөр түргэвчилсэн оношлогоог Эрдэнэт хот руу орж байгаа иргэн бүрээс авах  тухай албан ёсны тушаал, шийдвэр алга. Байгаа өол түүнийгээ иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэх үүрэг бол аймгийн Онцгой комисст бий. Иргэд мэдэх эрхтэй. Энэ эрхээ эдлэх боломжийг хангах ёстой байсаар. Түүнээс биш постон дээр гарч байгаа Онцгойгийн алба хаагч “Би мэдэхгүй, дээрээс” гээд тэнгэр заагаад зогсож байгааг иргэд ойлгохгүй байна, Б.Ганбаатар дарга аа.  

Үүнээс гадна дэлхий даяар Ковид-19 халдварыг Пи Си Ар шинжилгээгээр эцсийн байдлаар баталгаажуулж байхад, Орхон аймгийн Онцгой комисс түргэвчилсэн оношлуураар Пи Си Ар-ыг дахин баталгаажуулж байгаа нь гайхамшигтай нээлт болж байх шиг байна.