Үхэр жилд ургац арвин байж, намрын улирал урт болно
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     172    0

Арвандолдугаар жарны 35 дахь он "ЦӨӨВӨР" хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 1-ний өдөр нь Аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 12-нд тохиож байна. Монголчууд бидний уламжлалт их баяр цагаан сарын өдөр болох гэж байна. Үхэр жилийн ерөнхий өнгө төлөв зурхайн ухаанд хэрхэн бууж байгааг Зурхайч лам Х.Насанжаргалаас тодруулсаныг хүргэж байна.

-Үхэр жилийн өнгө төлөвийг зурхайн ухаанаар тодорхойлвол хэрхэн бууж байгаа вэ?

-Гарч буй жилийг ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГААР шинжилбэл: Залуус буюу дунд насныхны суудалд сайн, нялхаст буюу түмэн олонд дунд зэрэг, өвгөд буюу өндөр дээд суудалтанд дорой болой. Төрийн хууль цаазын хэрэгжилт муу. Улсын санхүү, эдийн засаг сайжрах нигууртай. Иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл их болох нигууртай. Ард иргэдийн эрүүл мэнд сайн. Хот суурин газар галын аюул буй. Улирлуудын эхэн саруудад хур тунадас ихтэй. Ургац арвин авах, намрын улирал урт болно.

-Цөөвөр хэмээх нэр нь ямар утаг учиртай вэ? Уг нь цагаагчин үхэр жил гэж ерөнхийлөн нэрлэдэг үү?

-Энэ оны жилийн ёгт нэр  нь цөөвөр хэмээх цагаагчин үхэр жил. Ёгт нэр гэсэн нь жаран жилийн цаг тооллын жилүүдийг нэгнээс нь ялгахын тухайд оноосон нэр юм. Цагаагчин гэдэг үг нь төмөр махбодыг илэрхийлж ирсэн уламжлалтай.

Монголчууд бидний уламжлалт цагаан сарын баяр нь дэлхийн өөр хаана ч байхгүй өөрийн гэсэн онцлогтой уламжлалт их өв соёл юм. Энэ өв соёлоо бид, хойч үе маань нандигнан хамгаалах ёстой. Залуучууд маань үндэсний бахархлаа дээдэлдэг болж байна.