Утааны эсрэг барих тэрбумын үнэтэй шахмал түлшний үйлдвэр хаачив аа
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     125    0

Ажилдаа гараад алхтал гашуун утаа хоолой хорсгож, өмнөх зүйл харагдахгүй  болох нь тэр. Гэр хорооллын утаа хотоо тэр чигт нь угаартуулж байна. Тэнгэрт шар нар хөөрсөн ч агаарт утаа униар хөвөрсөөр. Салхины болон агаарын урсгалаа дагаад гэр хорооллын утаа хоёр ч замаар хотын төвөөр дайран Вокзал орчмыг өнгөрөөд Хангалын голын хөндийгөөр цаашилдаг бололтой. Салхи тогтуун байвал гэр хорооллын утаа хотын төвд хэсэгтээ л саатна.  

Өнөөдрийн утаа гамшиг болсныг илтгэнэ. Уг нь өнөөдөр хоёр цэцэрлэгийн өргөтгөл, Залуучуудын ордны нээлттэй сайхан өдөр л дөө. Баянбулаг, Булаг багийн цэцэрлэгийн нээлт тийш дуран сунгатал юу ч харагдахгүй, хар утаа суунаглана. Хотын төвийн гудамж, А1001 авто зам, Баян-Өндөр эко хороолол, ТОСК-ийн байр, Дэнж, Эрдэнэ баг утаан дундаас сүүмийж байна.

 

“Хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дугарвал лам нь таг” гэдэгчлэн аймгийн ЗДТГ-ын өмнөх цэцэрлэгт байрлуулсан Агаарын бохирдлыг хэмждэг станцын мэдээллийн самбар нь таг зогсчихож. Эндээс харвал өнөө өглөөний агаарын бохирдол өөрийг нь хэмждэг төхөөрөмжөө ч угаартуулаад “нам цохичихсон” бололтой.

Манай аймаг өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах, эко түлшний үйлдвэр байгуулахаар нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухай дуулдсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт байдаг хувь хүний шахмал түлшний үйлдвэрийг Нэг тэрбум төгрөгөөр авчраад Эрдэнэтэд ашиглалтад оруулах тухай яригдаж байсан. Өндөр өртөгтэй шахмал түлшний үйлдвэр хаачив. Гэр хорооллын иргэд өнөөдөр Өвөрхангайн Баянтээгийн нүүрсийг түлхүү хэрэглэж байгаа. Мод, түлээний олдоц хангалттай биш. Орон нутгийн удирдлага, аймгийн Онцгой комиссоос аргагүйн эрхэнд Баянтээгийн уурхайгаас нүүрс тээвэрлэдэг замыг хаачихаагүй нь хамгийн том тусламж болж байх шиг..  

Мэргэжлийн байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан таг чиг сууцгаана. Цагаанчулуутад бариулж байгаа байшин, барилгадаа орох мөрөөдлөө  биелэхийг хүлээгээд “нүдэн балай, чихэн дүлий” сууна. Иргэд ч утаандаа дасчихжээ. “Энэ гэр хорооллын утаа арай юм аа. Өнөөдөр юу болчихов. Утаа яагаад ийм их байна вэ” хэмээн бие биенээсээ асуух.

Эцэст нь чихэнд чимэгтэй гэхээсээ илүү наалдацтай нэгэн мэдээ ойрын үед дуулдаад байгаа. Аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал “Их залуу багийн нутаг агропаркийн газар дээр 5 блок, 9 давхар, 360 айлын орон сууц барина. Энэ ажлыг 2021 онд эхлүүлнэ. Цаашлаад Шанд багт ч ийм байр барина” хэмээн дуулгасан. Гэр хороололд 360 яндан байхгүй болно. Гэхдээ үүнтэй зэрэгцэн утааг  бууруулах тал дээр шинээр бүрдсэн аймгийн ИТХ, түүний төлөөлөгчид ухаан бодлоо уралдуулах цаг болсныг дуулгамаар байна.