Д.Соёлчхүү дарга ажилдаа оржээ
Хотын амьдрал 1 сарын өмнө     319    0

Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү албан ёсоор албан ажилдаа оржээ.  Түүнийг Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн шийдвэрээр албан ажил эрхлэхийг гурван сарын хугацаатай түдгэлзүүлээд байсан. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй учраас ийм арга хэмжээ авагдаад байсан түүнийг албан ажилд нь эргүүлэн томилохын тулд эрх баригчид тодорхой хэмжээнд буулт хийсэн байна. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Мөнхбаяр, аймгийн  Боловсролын газрын даргаар ажиллаж байсан О.Ариунгэрэлт нарыг албан ажлаас  чөлөөлсөн Захирамж нь шүүхийн өмнө бүдэрсэн. Улмаар тэднийг ажилд нь эргүүлэн томилохгүй бол Д.Соёлчхүү даргын бүрэн эрхийг хязгаарлаад ажлаас нь түдгэлзүүлсэн.

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын дундуур М.Мөнхбаяр, О.Ариунгэрэлт нарыг өмнөх ажилд нь томилсон аймгийн Засаг даргын захирамж гарч тэд ч ажлаа хүлээн аваад байгаа.

Д.Соёлчхүү дарга энэ удаагийн Засаг даргын шуурхай дээр Орхон АЗЗА-гийнханд хатуухан үүрэг өглөө. Тэрбээр “ ...Та нар шинэ замынхаа голын цас мөсийг цэвэрлэчихээч. Осол, аваар гарвал хэн хариуцах вэ. Өглөө болгон цас ороод мөстөөд байгаа биш. Үүнийг анхаар. Цас, мөсөө арилга л даа. Үүнийг үүрэг даалгавар болгон өгч байна. Дээр нь төрийн байгууллагуудад Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжихгүй байна. Аймгийн ЗДТГ-аас хуулийн хэрэгжилтийн талаар хяналт, шалгалт явуулна” гэлээ. Ямар ч байсан Д.Соёлчхүү дарга ажилдаа орсноор төрийн ажил ч түгжрэлгүй болох нь ээ.