Том мал хулгайлахдаа даага, бярууг амьдаар шатаасан хэрэг гарчээ
Мэдээ мэдээлэл 10 өдрийн өмнө     493    0

  Монгол хүн малаа төхөөрөхдөө хүртэл ёс жаягтай ард түмэн. Гэтэл малын хулгайчид том малыг нь хулгайлаад явахдаа, төл малыг нь амьдаар нь шатаасан  хэрэг Орхон аймгийн Жаргалант суманд гарсан байна.

Тус сумын 4-5 малчны 120-130 гаруй тооны бод цөөн хоногийн дотор алдагдсан хэрэг 2020 оны арваннэгдүгээр сарын дундуур гарчээ. Жаргалант сумын нутгаас малын хулгайч нар олон тооны адуу, үхэр хулгайлахдаа даага, бярууг нь жин дарахгүй, унах унацгүй гээд шууд амьдаар нь шатаасан тохиолдол гарсныг малчид сумын Засаг дарга болон албаныханд мэдээлсэн байна.

Малчдын гомдлын дагуу Жаргалант сумын цагдаагийн хэсгийн байцаагч дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ, цагдаа Ц.Батбаатар нар хулгайн мөрөөр орж шалгасан байна. Малын хулгайч нарын дээрх ноцтой гэмт үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоодог ч эцэслэж шийддэггүй. Хэрэг явцын дундаасаа замхардаг тохиолдол байдаг учир Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал Цагдаагийн газрын даргад тусгайлан үүрэг өгч, хэргийг яаралтай шийдвэрлэхийг даалгасан. Аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Цэрэнсамбуугийн мэдээлснээр уг хэргийг долоо хоногийн дотор илрүүлж шалган, шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт таван хүнийг холбогдуулан шалгаж байна.

Дээрх хэргээс гадна Жаргалант сумын Засаг даргын яриагаар тус сумын малчдын малыг Булган аймгийн Орхон сумаас хулгайлсан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд гарсан. Уг хэргийг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Иймээс уг хэрэг дээр бод малынх нь шийрийг таниулах ажиллагаа хийгдэж байна. Адуу, үхэр бод малыг бөөнөөр нь хулгайлах хэрэг Жаргалант суманд сүүлийн үед давтагдан гарч, малчид хохирч байгаа хэргүүд зохион байгуулалттай болсныг зарим эх сурвалж хэлж байна.