Н.Хишгээ: Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин ах, эгч нартаа баярлалаа, би хичээнэ ээ
Хотын амьдрал 3 сарын өмнө     799    0

Улсын тэргүүний Жаргалант сум бол манай Орхон аймгийн хөдөөгийн ганц засаг захиргааны нэгж. Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль өнгөрсөн онд аймгийн Тэргүүний сургууль болж байсан. Миний шинэ танилыг Н.Хишгээ гэдэг. 

Тэрбээр 2020 онд Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийг төгссөн. Тэрбээр ирээдүйн мэргэжлээ компьютертэй холбохоор гэр бүлийн гишүүд, аав ээжтэйгээ ярилцахад тэд нь түүний хүсэл мөрөөдлийг шууд л дэмжсэн байна. Оюутан болно гэдэг том даваа. Сурах сургуулиа сонгохоос эхлээд сургалтын төлбөр, дотуур байранд орох эсвэл хажуу өрөө хөлслөх, ах эгчийндээ “амьдрах” гээд түмэн асуудал ар араасаа урган гарч ирдэг. Ийнхүү Н.Хишгээ охины хувьд ямар ч байсан хүссэн мэргэжлээрээ амжилттай сурч эх орондоо, Эрдэнэт хотдоо сурсан мэдсэнээ зориулах гэгээн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явсаар Элсэлтийн ерөнхий шалгалтаа ч амжилттай өгчээ.

Яг энэ үед түүний хувьд гэнэтийн баярт мэдээ дуулджээ. Учир нь, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Орхон аймагтай хамтран ажиллах гэрээндээ Жаргалант сумын 12 жилийн сургуулийн төгсөгчдөөс амжилттай сайн суралцаж төгссөн хоёр ч хүүхдийг 100 хувь үнэ төлбөргүй сургах тухай заалт  оруулсан байна. Сумын Засаг дарга Б.Зоригтбаяр, аймгийн ИТХ-ын дарга асан П.Пүрэвлхагва нарын санаачлага, хүчин чармайлтаар ийм заалт талуудын гэрээнд орсон аж. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болох Х.Бадамсүрэн захирал энэ ажлыг талархан дэмжиж хүлээн авчээ.

Сумын сургуулийн төгсөгч хоёр ч оюутанд ийм боломж гарсан учраас Б.Зоригтбаяр даргатай тус сумын удирдлага, сургуулийн хамт олон ийм том итгэл найдвар, хариуцлагыг нэр төртэй авч явах төгсөгчдийн судалгааг гаргажээ. Үүний хүрээнд 2020 оны төгсөгч болох Н.Хишгээ, Л.Бямбадорж нар тодорхой шалгуурыг давж Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт” их сургуулийн босгыг даван орж эрдэмтэн багш нараар хичээл заалгаж оюутан хэмээн нэрлэгдэж явна. Саяхан бид сумын Засаг дарга Б.Зоригтбаяртай уулзаж дээрх хоёр оюутны талаар лавлахад “Н.Хишгээ, Л.Бямбадорж  нар маань сайн суралцаж байгаа. Одоо оюутны амралт эхэлсэн болохоор сумандаа бий. Манай хоёр их азтай хүүхдүүд шүү. Эрдэнэт үйлдвэрийн зардлаар 100 хувь үнэ төлбөргүй сурна гэдэг том аз, завшаан. Саяхан оюутнуудтайгаа таарсан. Манай хоёр дажгүй шүү. Та бүхний ирээдүй өөрсдийн чинь гарт байгаа, хичээгээрэй. Бүх зүйл та хоёроос л шалтгаална шүү гэж захьсан. Манай оюутнууд Жаргалантчуудынхаа нэрийг хугалахгүй, сайн сурч чадна” гэж хариулсан гэж билээ..

Н.Хишгээ, Л.Бямбадорж нарын хувьд Эрдэнэт их сургуульд амжилттай сайн суралцвал Эрдэнэт үйлдвэрийн ах, эгч нар нь өөрсдийн халуун ам бүлдээ багтааж болох тухай заалт ч гэрээн дээр нь байсныг байнга санаж, ихийг сурч мэдэхийн төлөө тэмүүлж явна. Жаргалант сум, хуучнаар Улаантолгойн сангийн аж ахуй. Тариан талбай, Улаантолгойн намар, 700 үнээний саалийн ферм. Түүхийн нэгэн цаг хугацаанд дээрх бүхэн энэ нутгийн нэрийн хуудас болж явсан бол ирээдүйд Жаргалантын сургуулийн сурагчид Эрдэнэтийн уурхайчдын залгамж халаа болох тэр замын эхэнд Н.Хишгээ, Л.Бямбадорж нар түүчээлэн алхаж байна. Эрдэнэт их сургуулийн оюутан Н.Хишгээ бид хоёрын яриа өндөрлөхөд тэрбээр “Ах аа, нэг зүйл хэлж болох уу. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин эх, эгч нартаа баярлалаа, би хичээнэ ээ” гэсэн юм.