БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ГАМШГИЙН ЭСРЭГ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР МЭРГЭЖЛИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
Уул уурхай 6 сарын өмнө     170    0

  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 тоот тогтоолоор аймаг, орон нутгийн өндөржүүлсэн байдлын зэргийн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан аймгийн онцгой комиссоос уг тогтоолыг хэрэгжүүлэх  шийдвэр, чиглэл гаргасан. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб, Шуурхай штабаас ковид-19 халдварын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Энэ талаар сүүлийн үеийн мэдээллийг Гамгаас хамгаалах штабын Тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболдоос тодруулахад,  “Орхон аймагт халдварын тохиолдлоор бүртгэгдэж, Улаанбаатар хотод эмчлүүлээд, эдгэрсэн 25 хүнийг хүлээн авч, гэрт нь  тусгаарлах тандалт судалгааг хийлээ. Тэдгээр хүмүүсийн ойрын болон дам хавьтлын иргэдийн 14-21 хоногийн гэрийн ажиглалтын хугацаа дууссан тул давтан шинжилгээнд хамруулж, ажилд нь орууллаа. Улаанбаатар буюу бусад голомттой бүсээс ирсэн ажилтнууд болон тэдний ар гэрийн 500 орчим иргэнийг 14 хоногийн хугацаанд гэрийн хяналтад ажиглаж, шинжилгээ авсны дараа ажилд нь оруулах зэрэг зохион байгуулалтыг тус тусад нь хийсэн. Өнөөдрийн байдлаар, гэрийн ажиглалтын хугацаа нь дуусаагүй 10 гаруй хүн үлдсэн байгаа” гэсэн юм. 

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлууд заавар, чиглэлийн дагуу тогтмолжин, үргэлжилж байна. Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисыг төвлөрсөн дөрвөн цэгээр дамжуулан цех нэгж, ажилтнуудад хүргэж байгаа юм. Нийт ажилтнуудад амны хаалтыг өнгөрсөн хавраас хойш 11 удаагийн давтамжтайгаар тарааж, хангажээ. Бэлэн байдлыг хангах, гамшгийн эсрэг хариу арга хэмжээ зохион байгуулах зорилгоор Эрдэнэт сувиллын цогцолборын Түргэн тусламжийн тасагт мэргэжлийн баг  ажиллаж байна. Түүнчлэн ажилчдын автобус болон үйлдвэрийн шалган нэвтрүүлэх пост бүрт биеийн халуун хэмжих, гар ариутгах, санамж зөвлөгөө өгөх ажлууд тогтмолжиж, өдөр бүр 4500-5700 ажилтныг хамруулж байна. Шуурхай штабын байранд байнгын жижүүр 24 цагийн горимоор ажиллаж байгаа юм байна.