Энэ чинь ариун явдал юм уу, аймгийн ИТХ-ын төлөөлөгч эрхмүүд ээ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     253    0

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан цахимаар саяхан болж “Аймгийн төсвөөс 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмээний жагсаалт”-ыг баталсан. Эндээс харвал манай аймаг ирэх 2021 онд төсөл, арга хэмжээнд 16 тэрбум 671 сая 349 мянга 700 төгрөг зарцуулах гэнэ. Үүний 13 тэрбум 308 сая 820 мянга 900 төгрөгийг нь аймгийн ИТХ-аар батлаад байгаа.

Дээрх жагсаалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд ажлын албан хэрэгцээнд нь зориулж 114 сая 600 мянган төгрөгөөр “Ipad” худалдан авах гэнэ. Манай аймгийн ИТХ 35 төлөөлөгчтэй. Нэг  “Ipad”-ны үнэ нь 3.2 сая төгрөг байх юм уу даа. Эндээс харвал хоёрхон сарын өмнө “ Сонгогч та нарын төлөө би л ажиллаж чадна. Танай гэр бүлийг хүнсний талонд хамруулна” гээд гүйж байсан нөхөд сонгогдонгуутаа 3.2 сая төгрөгөөр албан хэрэгцээ нэрийн дор “Ipad” худалдан авах гэж байгааг юу гэж ойлгох вэ. Сонгуульд ядаж аминдаа “Ipad”-тай нөхрийг нэр дэвшүүлдэг “орон нутгийн шаардлага” гэдэг босго тавьдаг байж хэмээн орлихоор байна. Өнөөдөр цар тахлын үед юун нэг даргад 3.2 сая төгрөгийн үнэтэй “Ipad” авч өгөх, иргэд орлогогүй, мөнгөгүй хэцүүхэн байгаа. Аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон энэ 35 хүн үнэхээр ийм үнэтэй  “Ipad”-гүйгээр ажиллах боломжгүй байгаа бол түүнийгээ сонгогчдынхоо өмнө зарлачих. Энэ удаагийн аймгийн ИТХ-ын олонхийг бүрдүүлдэг МАН-ын гишүүдийн хувьд өмнөх 2016-2020 оны аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сууж байсан нөхөд цөөнгүй бий. Тэд бас өмнө нь үнэтэй “Ipad” авч байсан. Сүүлдээ зарим нь аймгийн ИТХ-ын хуралдаан дээр хоёр “Ipad” гаргаж тавьчихаад ажиллах юм байна л даа.

Бас болоогүй, аймгийн ИТХ-д 49.5 сая төгрөгөөр суурин компьютер худалдан авах гэнэ. Хурд, хүч, хэлбэр хийц нь хоцрогдоод ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр шинэ үеийн  “Ipad”, суурин компьютер аваад манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид аатай байх чинь. Нөгөө АН-ынхан энэхүү төсөл, арга хэмжээний жагсаалт дээр бүгд хоёр гараа өргөөд дэмжсэн юм байх даа, чимээгүй суугаад байхыг нь харвал. Албан нэртэй ч аминдаа, гэртээ  тоглоом тоглож байх “Ipad”–тай болж байгаа юм чинь яадгийм гээд амаа хамхисан уу. Аймгийн ИТХ л гэхэд он гарангуут 163 сая 500 мянган төгрөгөөр ийнхүү төлөөлөгчдөд хөрөнгө оруулалт хийж хөрөнгө худалдан авах нь. Дээр нь аймгийн  хувьд

*** Багийн зохион байгуулагч нарт суурин компьютер авахад 50 сая төгрөг

*** Мэдээлэл технологийн чиглэлээр тоног төхөөрөмж авахад 52 сая 50 мянган төгрөг

*** Орон нутгийн төсвийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагад зөөврийн компьютер авахад 167 сая 100 мянган төгрөг тус тус зарцуулах гэж байна. Нийт үнийн дүн нь 269 сая 650 мянган төгрөг болж байна.  Хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай “Ipad”, суурин болон зөөврийн компьютер авлаа гээд цар тахлыг дарах юм уу. 2021 оны аймгийн төсөвт нийтдээ бараг хагас тэрбум шахам буюу 432 сая 650 мянган төгрөгөөр компьютер авах юм байна.

Одоогоос хэдэн жилийн өмнө аймаг мөн л олон зуун сая төгрөгөөр компьютер авч байсан. Төсвийг хянадаг, шалгадаг дарга нь хүүгийнхээ компанийн нэрээр өнөөх компьютерийг нь оруулж ирж билээ. Бас сургууль, цэцэрлэгийн нягтлангуудад олон компьютер авч өгсөн. Түүнийг нь шахсан нөхөр шаардлага хангахгүй компьютер авч өгсөн тухай нэг хэсэг шуугиад тэгсхийгээд намжаасан гашуун түүх, туршалга манай аймагт бий. Тэр нь яая гэхэв гэхэд сонгогчдынхоо төлөө ажиллах ёстой өнөөх төлөөлөгчид нь заавал 3.2 сая төгрөгийн үнэ бүхий “Ipad” авна гэж дайраад байгаа  ариун явдал юм уу аймгийн Төлөөлөгчид өө.