Үйлдвэрлэл, эдийн засаг, хөрөнгө оруулалт, нийгмийн чиглэлээр хэрхэн ажиллахаа хэлэлцэв
Уул уурхай 3 сарын өмнө     86    0

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах  арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Төв штаб болон чиглэл хариуцсан дэд штабууд өнгөрсөн оны 3-р сараас ажиллаж эхэлсэн. Энэхүү төв штабын 10-р хуралдаан өнөөдөр боллоо.

Ээлжит хуралдаан Монгол Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй цаг үед боллоо. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж үр дүнд хүрсэн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга,Төв штабын нарийн бичгийн дарга О.Отгонбаяр ийнхүү ярив, “Төв штабын ажлын төлөвлөгөө, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцсэн. Түүнчлэн коронавирусын тархалтын улмаас бүх нийтийн бэлэн байдал зарласан үед Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэл, эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах талаар чиглэл хариуцсан  штабууд төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Мөн нөхцөл байдал хэвийн горимд шилжтэл үйлдвэрлэлд шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангалт, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааны хүчин зүйлүүдийг тооцож, дүгнэж хэлэлцлээ” гэв. Төв штаб үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх, уурхайчдын гэр бүл, амьдрал ахуйг дэмжих, ажлын байрыг хадгалахад чиглэсэн олон асуудлыг хэлэлцэн үр дүнтэй, өгөөжтэй ажлуудыг зохион байгуулсаар ирсэн юм. 

Я.Энхтуяа
Фото Б.Баттөгс