“Алалцъя, шанаганых нь доор ороод хэвтчихье, үзэж тарна шүү”
Мэдээ мэдээлэл 4 сарын өмнө     503    0

             Зэст багийн 16, 17 дугаар байрны дундах хүүхдийн тоглоомын талбай дээр 5 давхар байшин барихыг эсэргүүцсэн оршин суугчид дээрх үгийг хэлж уур бухимдлаа илэрхийлэв.

Бүр зарим нэг нь “Би энүүхэн хажууд автомашины гарааштай. Түүнийгээ та нарт хандивлая. Тэнд барилгаа барьчих л даа. Хүүхдийнхээ тоглоомын талбайг харсаар байгаад ухуулмааргүй байна” хэмээн учирлаж байх юм. Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалын даалгавраар хүүхдийн тоглоомын талбай дээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах гэж Багийн байр барих гэнэ. Энэ үйлдэл эрүүл төрийн бодлого уу. Нөгөө орон нутгийн сонгуулиар иргэдийнхээ төлөө “Хүчээ нэгтгэе” гээд байсан МАН-ын дарга нар хэдхэн хоноод хэлсэн үгнээсээ буцаж хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдэх гэж байгааг Зэстчүүд гэлтгүй иргэд ойлгохгүй байна.

Энд барилгын ажил эхлүүлэхээр, хүүхдийн тоглоомын талбайг тойруулж хашаа хатгахаар, таван давхар байшингийнхаа зургийг байрлуулахаар бүхий л бэлтгэлээ хангасан “төрийн дээрэмчин”-гүүд өвөлтэй уралдан барилгын ажил эхлүүлэх гэж байгааг  үнэндээ ойлгосонгүй. Зэст багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхийн тулд заавал хүүхдийн тоглоомын талбай дээр байшин барих гээд зүтгээд байгаа С.Батжаа даргын үйлдлийг иргэд ойлгохгүй, уур бухимдлаа илэрхийлэхдээ  “Алалцъя, шанаганых нь доор ороод хэвтчихье, үзэж тарна шүү” хэмээн дуугарч байхав. Энэ хоёр байрны дундах хүүхдийн тоглоомын талбай дээр 5 давхар барилга барих тухай аймгийн Засаг даргын захирамж 2020 оны нэгдүгээр сард гарчээ.

С.Батжаргал даргад "Ад үзэгдээд" байгаа хүүхдийн тоглоомууд

Захирамжийн дагуу ажлын хэсгийнхэн хүүхдийн тоглоомын талбайг хашаалахаар ирээд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Зэст багийн дээрх байрны оршин суугчид өргөх бичигт гарын үсэг цуглуулах, эсэргүүцлээ илэрхийлэх бүхий л боломж нөхцлийн талаар ярилцаж Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн С.Даваадорж нарт “Хүүхдийн тоглоомын талбайд барилга бариулахгүй шүү. Эсэргүүцэж байна” гэдгээ албан ёсоор дуулгасан. Харин энэ үеэр Зэст багаас Баян-Өндөр сумын ИТХ-д сонгогдсон Б.Мөнхболд, Б.Чинзориг нар иргэдтэйгээ хамт “Хүүхдийн тоглоомын талбайг хэвээр нь үлдээ” хэмээн шаардаж байлаа. Аймгийн ИТХ-д Зэстчүүдийн итгэлийг хүлээн сонгогдсон Б.Мягмарсүрэн, С.Юмэнхүү нарын бараа энэ удаад харагдсангүй.

Хүүхдийн тоглоомын талбай дээр ийм байшин барих гэнэ

Аймгийн Засаг даргын Бүрэн эрхийг хэрэгжүүлэгч С.Батжаргал дарга Хотын захирагчийн алба, Барилга захиалагчийн алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар тэргүүтэй төрийн төлөөллийг явуулж хүүхдийн тоглоомын газрын хашаалахаар улайрч байгаа нь 5 давхар барилгын ард ямар эрх ашиг байна вэ гэж хардахад хүргэж байна. Эсвэл хүүхдийн тоглоомын талбайг төр хүчээр дээрэмдэж, Зэстчүүд орон нутгийн сонгуулиар МАН-д саналаа өгөөгүйн төлөө авч байгаа “хариу арга хэмжээ” юм уу.

Тэрхүү 5 давхар барилгын ажлыг гүйцэтгэх компани нь ямар эзэнтэй, ардаа ямар том учраас өөрсдийнхөө өмнөөс төрийн албан хаагчдыг явуулж тэднээр хашаагаа хатгуулах гээд байгаа нь сонин байна. Ямар ч байсан эхний ээлжинд иргэд шаргуу эсэргүүцсэн тул иргэд хүүхдийн тоглоомын талбайгаа өнөөдөртөө хамгаалж чадлаа.