Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд анхаарлаа хандуулж ажиллах үүрэг өглөө
Нийгэм, Улс төр 25 өдрийн өмнө     88    0

Даваа гариг бүр хуралддаг аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр уламжлал ёсоор хэлтэс агентлагийн удирдлагууд орон нутагт хийгдэж байгаа ажлуудынхаа талаар цаг үеийн мэдээллийг хийлээ.

Энэ удаагийн шуурхай хуралдаанаар ус, дулаан, цахилгаан, камержуулалт, газартай холбоотой асуудлын ярилаа. Мөн сүүлийн үед улс орны хэмжээнд тулгамдаж байгаа хүүхдийн эрхтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байгааг аймгийн Засаг даргын Бүрэн эрхийг хэрэгжүүлэгч С. Батжаргал  хэллээ.  Тиймээс аймгийн хэмжээнд гарч байгаа хүүхдийн эрхийг зөрчсөн, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүчирхийллийн судалгааг гаргаж нөлөөллийн ажлыг зохион байгуулах, тэдний эрхийг хамгаалах тал дээр онцгой анхаарч ажиллах үүрэг өглөө.

Мөн өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой сэтгэл зүйн зөвлөгөөг нэмэгдүүлж тэдний эрхийг хамгаалах ажлыг эрчимжүүлнэ гэдгийг хэллээ. Ингэхдээ төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийг хамгаалах орчинг улам сайжруулах хэрэгтэй байна. Аймгийн тухайд Цагдаагийн газрын дэргэд хүүхэд хамгаалах байр баригдаж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад орох юм байна.