Санхүүгийн хяналт, аудитынхан Олон улсын жишигт хүрчээ
Нийгэм, Улс төр 25 өдрийн өмнө     35    0

Орхон аймаг Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2025, Аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, шат дамжлагыг бууруулах, төрийн үйлчилгээний менежментийг сайжруулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажлыг 2020 онд аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан билээ.

Бүр цаашилбал, энэ ажлыг орон нутагт зохион байгуулсан явцыг хянаж шалгах  ажлын хэсгийг ч байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар  аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ажилладаг юм байна.

Тус ажлын хэсгийнхэн саяхан ажлаа дүгнэж тэргүүний байгууллагуудыг аймгийн хэмжээнд шалгаруулж шагнал гардууллаа. Энэ удаад аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт, аудитын алба чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагаар шалгарчээ.

Өөрөөр хэлбэл эднийхэн олон улсын жишигт хүрсэн байгууллага болсон гэсэн үг. Олон улсын стандартад хүрэхийн тулд тус байгууллагынхан 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөндөө чанарын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах талаар тусгасан байх аж.  Мөн ажлын төлөвлөгөө гарган, бусад байгууллагуудын сайн туршлагаас хуваалцсан,  бодит ажил, түүний үр дүнгээ тайлагнажээ.

Товчхондоо Д.Сайзмаа даргатай Санхүүгийн хяналт, аудитын албаныхан  цахим засаглалыг хөгжүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн индексийг өссөх тал дээр анхаарч ажилласнаар ийм үр дүнд хүрчээ.